Оросын Шинжлэх ухааны академийн палеонтологичид Монголын говийн өмнөд хэсэгт орших Гүрилийн цав хэмээх газраас сүүлгүй хоёр нутагтан буюу эртний мэлхийн чулуужсан олдворуудыг илрүүлэн судалжээ. Эдгээр олдвор нь Цэрдийн галавын төгсгөл үе буюу 72-оос 66 сая жилийн өмнөх цаг хугацаанд хамаарах бөгөөд Гүрилийн цаваас олдсон мэлхийн ясыг өмнө нь шинжлэх ухаанд огт бичиж тэмдэглэж байгаагүй аж.
Гурилын цав нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хожуу Цэрдийн галавын (Нэмэгтийн формацын) үед хамаарах палеонтологийн нэн чухал дурсгалт газар юм. Хэрмийн цав, Бүгийн цав, Нэмэгт, Алтан-Уул, Ухаа толгод зэрэг дэлхийд алдартай палеонтологийн олдворт газруудтай нэг бүсэд багтах бөгөөд Монгол Улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Ойролцоогоор 72–66 сая жилийн өмнөх буюу Хожуу Цэрд, Нэмэгтийн цаг үеийн тунамал хурдас бүхий газар ажээ.

Судалгааны явцад эрдэмтэд мэлхийн хоёр үндсэн бүлгийг тогтоосон байна. Эхнийх нь "гобиатид" (Gobiates) хэмээх устаж үгүй болсон эртний бүдүүлэг бүтэцтэй мэлхий бол хоёр дахь нь орчин үеийн бөөрөнхий хэлт мэлхийтэй төстэй "анура" (Anura) бүлэг юм. Гүрилийн цаваас олдсон Gobiates sp. нь палеонтологийн түүхэнд бүртгэгдсэн тус бүлгийн хамгийн "залуу" төлөөлөгч болсон бөгөөд гавлын ясны бүтцээрээ өмнөх эртний төрлүүдээсээ эрс ялгарч байжээ.
30 сая жилийн турш өөрчлөгдөөгүй тогтвортой байдал
Эрдэмтдийн онцолж буйгаар, эдгээр хоёр бүлгийн мэлхийнүүд Ази тивд 30 орчим сая жилийн турш тасралтгүй оршин тогтносон байна. Эргэн тойронд нь аварга үлэг гүрвэлүүд устаж үгүй болж, уур амьсгалын томоохон өөрчлөлтүүд явагдаж байсан Цэрдийн галавын төгсгөл үед ч тэд бараг хувьсан өөрчлөгдөлгүй, гайхалтай тогтвортой амьдарч чаджээ. Энэ нь тухайн бүс нутгийн хоёр нутагтны аймаг зөвхөн тухайн газар нутагтаа зохицсон (эндемик) өвөрмөц шинж чанартай байсныг харуулж байна.
Энэхүү Елена Сыромятникова, Павел Скучас, Вениамин Колчанов нарын судалгааны үр дүнг олон улсын палеонтологийн нэр хүндтэй "Palaeoworld" сэтгүүлд нийтэлжээ.
ТАТАР МАЙДАР






Нийгэм



