Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлал (U.S. Army Pacific) болон олон улсын түнш орнуудын цэргийн төлөвлөгчид энэ долоо хоногт АНУ-ын Хавай мужийн Форт Шафтер (Fort Shafter) баазад хуралдаж, "Хааны эрэлд-2027" (Khaan Quest 2027) сургуулийн анхны төлөвлөлтийн бага хурлыг зохион байгууллаа.
Анх 2003 онд Монгол, АНУ-ын хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхэлж байсан "Хааны эрэлд" нь өдгөө дэлхийн хэмжээний хамгийн нэр хүндтэй олон үндэстний энхийг дэмжих ажиллагааны сургуулиудын нэг болон өргөжсөн билээ.
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу Тавантолгой дахь хээрийн сургалтын төвд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг сургуульд дэлхийн 20 гаруй орны цэргийн алба хаагчид оролцдог. Энэхүү сургууль нь оролцогч орнуудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны тактик, ур чадварыг сайжруулах, мөн хүмүүнлэгийн болон хямралын үеийн хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.
Өнгөрсөн зургаа болон долдугаар сард Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу Тавантолгойд зохион байгуулагдсан "Хааны эрэлд-2026" сургууль нь олон улсын сургууль болж өргөжсөний 20 жилийн ойтой давхцаж, өргөн цар хүрээтэй болж өнгөрсөн юм. Тус сургуульд дэлхийн 18 орны 1,100 гаруй цэргийн алба хаагч оролцож, орчин үеийн аюулгүй байдлын орчинтой уялдуулан нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн (дрон) хэрэглээтэй холбоотой шинэ төрлийн сургалт, дадлагыг амжилттай туршсан онцлогтой байв. Мөн 2026 оны сургуулиас эхлэн НҮБ-ын цэнхэр дуулга өмссөн "Мазаалай"-г тус сургуулийн албан ёсны хүндэтгэлийн бэлэг тэмдэг болгон баталгаажуулжээ.
Харин 2027 онд зохион байгуулагдах ээлжит сургуульд дэлхийн 20 гаруй орны цэргийн алба хаагчид оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд оролцогч орнуудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны тактикийг боловсронгуй болгох, хүмүүнлэгийн болон хямралын үеийн хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
ТАТАР МАЙДАР






Улс төр



