Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн иргэдээ нийтийн тээврээ хөгжүүлж, олон жил ярьсан метро, дүүжин тээвэр, LRT BRT, Туулын хурдны зам, ган татлагат гүүр, Богд уулын хонгилоо барьж дуустал машины дугаараар хясаад яах юм бэ гэх хүн чанар төрд байна уу?
Хөхөө өвлийн хүйтэнд хөл дүүжлэх унаатай болох гэсэн хүмүүс зутарч, хүүхдүүд нь даарч хоосон дугаар гэдэг 4 тооны шагийн наймаа галзуурч, дунд нь иргэд илүү хохироод байна гэж харах нүдтэй хотын дарга, чилэх сэтгэлтэй түгжрэлийн сайд байна уу? Улс орныхоо иргэн бүхэнд хамаатай монгол төр цаг барьдаг чанд журамтай хүн шиг аашилна.
Улс төрийн 37 намын хуульд бол уян хатны туйл, төрийн хайлан, засгийн гэгээн болчихно. УИХ бүтэн жил хагасын өмнө 2023 оны 7-р сард баталсан улс төрийн намын хуулийг унхиагүй, угаасаа гишүүнгүй, үүр хороо ч байхгүй, нэг хүний цүнх, нэг айлын шүүгээнд байдаг намууд бүтэн жил хагас өнгөрчхөөд байхад хурлаа хийж, дүрмээ батлаад бүртгүүлж амжихгүй байна, хойшлуулж өгөөч гэж жүжиг тавьж байна. Монголын улс төрийн намууд жилд жилд шинэчлэгдсээр байгаа шижигнэсэн сайхан хүчнүүд юм уу? Анх хэлэлцэж баталснаасаа хойш 5 жилийн дараа сая нэг бүрэн бүтэн хэрэгжихэд таарахаар хэтэрхий хурдан урагшлаад байгаа улс төрийн ухаалаг хүчнүүд учраас зориуд хойшлуулаад байна уу? Татвар хураамж, нийгмийн даатгал, иргэдэд зориулсан цэргийн, сургуулийн элдэв бүртгэл яадаг вэ? Танай компани ашиггүй байна, 2 жилийн дараа НӨАТ аа төлчхөөрэй, эрчим хүчний үнэ нэмэхээ 2027 оны хүртэл хойшлуулъя энэ тэр гэж байна уу Торгоно шийтгэнэ, дансыг чинь хаана, тогийг чинь тасална гэдэг үү? 12-р сарын 1-нээс эхлэн торгууль төлбөртэй, оношилгоонд ороогүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй, хууль бол хууль, хугацаа бол бол хугацаа гэж байна уу?
Эцсийн дүндээ цагтаа хуралдаж, дүрмээ өгөөгүй хэдэн жижиг намыг хараад өр нь өвдөж, өвчүү нь хөндүүрлээд байгаа юм биш тэднээр гул барьж, халтуур хийлгэж, хууль хойшлуулж, цаг хожиж байгаа юм.
Усан МАН+АН-гийн оронд шинээр босгосон МАН, АН, ХҮН-ын элсэн МАНХАНы захиалга. МАНХАН цаана дэлгэсэн МАГНАГ хөнжилд шургасан дагавар хоёр намын дарга хурлаа хийвэл хусуулна. Цаг хожиж, томилгоо хийж, албан тушаалд тараан байршуулж бэхжиж аваад хурал зарлахгүй бол элсэн МАНХАН шуурганд хийснэ. Асуудал нь 50-тай, 60-тай хоёр урт өвгөний, хоёр урт бууны нохойны хэрүүлдээ ч байгаа юм биш.
Ингэхэд намууд хуулиа дагах уу? Хууль нь намуудаа дагах уу? Улаанбаатар Шанхай биш. Шанхай Улаанбаатар биш.