МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль төр, ТББ хутгалдан сүлэлдсэн, хувь хувьсгалын холион бантан боллоо. Ерөнхий сайдын шинэхэн зөвлөх Л.Төр-Од чухам сонгогдож, хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалагч том цайзын түлхүүр Засгийн газрын БЭТ-ийн гарт оров. Л.Төр-Од нэг гараараа төрөө, нөгөө гараараа бизнесийг хамгаална. Түүнтэй хамгийн сүүлд тунаж үлдээд унасан “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан Тоёо жорлонгоос Тоёота машиныг 150 хувийн урьдчилгаатай зардаг, өвчүү чанах хүртэл өрсөлдөөнд хүртэл өмнүүрээ хүн гишгүүлэх дургүй ч хувийн хэвшлийн төлөөлөл юм.
Танхимын өмнөх Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин тайзан дээр Л.Төр-Одтой гар барихаас цэрвэн дургүйцэж, үнэнд хурдан гүйцэгдэхийг хүссэн нь үл хүндлэл төдий биш үл ойлголцол, гүнзгий зөрчлийн илрэл болов. Яг энэ үед нэр дэвшигч Т.Дүүрэнг АТГ дайчлан баривчилсан хардлагыг дэврээж, гал дээр тос нэмлээ. Өмнөх Ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болоод хагас жил өнгөрсөн тул шинэ сонгууль явагдсан юм. Төрийн бус байгууллагын сонгуульд төр хутгалдлаа гэж шүүмжлэхээ хүрвэл УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд аль нь БЭТ-ээ томилох вэ гэсэн өрсөлдөөн боллоо. Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтад бичигдсэн хойноо нэг орой буцах, гишүүн болсон хойноо ч болих буцах, 20 жилийн өмнө элсчихсэн намаасаа өнөөдөр хөөгдөхийг хүсэх гэх мэт солигддог зураг шиг олон дүр гаргасаар байгаа юм. Улсын төсвийн 1, 2 дахь хэлэлцүүлгийн үед зардал мөнгө хасах эрх нь байсаар байтал хуралдаа суухгүй, 1 ч санал гаргаагүй байж, өнгөрсөн хойно нь попрох гэх мэт солонгон ааш харуулсаар байгаа юм.
Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, төр, хувийн хэвшлийг хослон баригч Л.Төр-Од олон давхар дээлтэй, олон цүнх барьж явсан, олон талтай, ондоо маягийн хүн юм. Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөх, өнөөх 60 тэрбумын Ц.Сандуйгийн зөвлөх, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шадар туслах, түүний үед АТГ-ын ОНЗ-ийн дарга, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн зөвлөх, хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх. Жил бүр авлигын эсрэг төсөөллийн индекс гаргадаг Транперенси интернэшл олон улсын байгууллагын Монгол дахь салбарын тэргүүн. Засгийн газар 5Ш ажиллагаа зарлаж, нээлттэй сонсгол явуулж шүүхийн хаалган дээр авлигын олон хэргийг аваачиж байсан боловч Монголын авлигын индексээр урагшлах биш хойшлоход мэдээллийн гажуудал нөлөөлж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэнээс хойш Л.Төр-Од түүний зөвлөх болсон байна.