Dark Light
Нийгэм | 2024-12-01

Уяачдын холбоо уяагаа алдах уу?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Шүүх, цагдаад эрэн сурвалжлагдаж байгаа хүн юу ч болоогүй юм шиг зурагтаар гарч байдаг дэлхийд ганцхан улс бол Монгол. “Тавантолгой транс” компанийн захирал Д.Дагвадорж иргэний хэргийн эрэн сурвалжлагдагч, нүүрсний хулгайн яллагдагч, ММСУХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Монгол Улсын тод манлай уяач биш бас мөн гэх мэт сонин хачин цол гуншин, гажиг содон нэр хоч нь нэг дор багтаж ядсан хүн юм.  Улсын цагдаа шүүхийн гадаах уяанаас алдуурсан Д.Дагвадорж цэнхэр дэлгэцээр цээж түхэлзэн ярьж, Уяачдын холбооны  Ерөнхийлөгч болъёо гэж ухуулга сурталчилгаа хийж байна. 

Д.Дагвадорж Дүнжингарав уралдааныг Шөнөжингаравын хэрэлдээн, наадам биш найр болгож явснаасаа ичиж гэмших бүү хэл эрэмшиж нэг,  омогшиж нэг нэр дэвшсэн байна. Өөрийнх нь  6-д орсон байхад айргийн таван азаргыг хасаж байгаад түрүү магнай хүчээр аваад хүртчихдэг тод манлай. Их нас нь 8-аар давхихад айргийн морьдыг хасаж хаяж байгаад торгон жолоо булаадаг тод магнай будлианч юм. Соёолонг  бүр эрлийз, монголоор нь хольж хутгаж, сольж бантагнуулсаар өөрийн босс “Ажнай” хэмээх морины нэртэй Д.Бат-Эрдэнэдээ тулам булаах шиг авч өгч бэлэглэсэн. Айраг түрүүг нь булааж будлиулж өөртөө эзэндээ аваад, нэдэр дээр нэрмээс болгон, индэр тайзан дээрээс нь уяачдыг эргүү тэнэг, үгээгүй гуйлгачнаар нь дуудаж явсандаа Д.Дагвадорж ичих нь бүү хэл эрэмшиж, гэмших нь байтугай гайхуулж, ММСУХ-ны Ерөнхийлөгчийн суудал руу 3 дахь удаагаа дайрч байгаа юм байна.    

Дүнжингарав нь Шөнөжингарав болоход 12 нас хүрээгүй багачууд олноор морь унаж, 16 нь уралдааны замд ойчиж 3 нь бэртэж гэмтэн, 100 морийг 200 машин дагаж, амьтан, техник аль нь уралдаад байгаа нь ялгагдахгүй, зам нь таг хуурай, тас харанхуй наадам биш найр, баяр биш балаг болж байсан юм. Улсын Ерөнхийлөгч Д.Дагвадоржийн цолыг нь хүчингүй болгосон ч ахин сэргээсэн эсэх нь тодорхойгүй.  Нэг бол хошой тод манлай, нөгөө бол огт биш, эсвэл бүр зах дээрээс малгай, тэмдэг олж зүүгээд гангарч явдаг хүний алин болох нь тодорхойгүй байна. 

Д.Дагвадорж Тавантолгой ХК-ийн 288 мянган тонн нүүрсийг 2014 онд хууль бусаар хил давуулан өшиглөсөн, татвар хураамж төлөөгүй, Оросын иргэнийг хулхидаж хохироосон зэрэг эрүү, иргэний олон гэмт хэрэгт өөрийн босс “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй цуг яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Эх орны баялгийн хулгайн хар мөр, элдэв хэрүүлийн булхай бузар бүхэн эцэг дээдсээс уламжлагдсан адууны тэнгэртэй, хүлгийн тоостой Монголын өв соёлд хир бүү халдаах болтугай гэж уяачид хүсэж байна.  

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10