Түүнчлэн АНУ-д хэрэглэгддэг филибастер дүрмийн (Filibuster) онцлогоос болж санал хураалт гацаанд орох, мөн АН Трампыг дахин импичмент хийхээр оролдвол үр дүн нь сөрөг ч байж болох тухай мэдээлж байна.
АНУ-д Конгрессийн хоёр танхимын хяналтыг тогтоох чухал ач холбогдолтой завсрын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Санал асуулгаар гол мужуудад Ардчилсан намын нэр дэвшигчид давуу талтай байгаа ч санал хураалтын явцад энэ зөрүү эрс багасах магадлалтайг шинжээчид анхаарууллаа. Одоогийн байдлаар 57 сая гаруй америкчууд урьдчилж саналаа өгөөд байна.
Сонгуулийн гол дүн юуг өөрчлөх вэ?
Ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимд олонх болж чадвал Ерөнхийлөгч Дональд Трампын хууль тогтоох хөтөлбөрүүдийг гацаах, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх боломжтой болно. Харин Сенатад хяналтаа тогтоож чадвал Трампын шүүхийн болон өндөр албан тушаалтнуудын томилгоог хаах эрсдэл бүрдэх юм. Сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 100 суудлаас 35-ыг нь шинээр сонгож байна.
Өрсөлдөөн яагаад ширүүсэж байна вэ?
Сиракьюсын их сургуулийн улс төр судлалын профессор Грант Рихерын үзэж байгаагаар, олон нийтийн санал асуулгаар Ардчилсан нам 4-өөс 10 хувиар илүү хэмээн гарч байгаа нь эцсийн шатанд хэт өндөр үнэлэгдсэн байх талтай. Тэрээр үүнийг дараах гурван шалтгаанаар тайлбарлав. Сонгуулийн эцсийн мөчид санал өгөх иргэдийн идэвх байгалийн жамаар чангардаг. Сүүлийн өдрүүдэд зарим Ардчилсан намын нэр дэвшигчидтэй холбоотой сөрөг мэдээллүүд гарсан. Санал асуулгын алгоритмууд яг бодитоор санал өгөх магадлалтай иргэдийг нарийн тодорхойлж чадахгүй байх эрсдэлтэй.
Ардчилсан намын хувьд тулгарах сорилт
Түүхээс үзэхэд завсрын сонгууль голдуу сөрөг хүчинд ашигтай тусдаг ч хоёр танхимыг хоёуланг нь зэрэг авч ирэх явдал ховор байдаг. Ардчилсан намынхан олонх болохын тулд Төлөөлөгчдийн танхимд нэмж 3, Сенатад 4 суудал авах шаардлагатай.
Хэрэв Ардчилсан нам ялалт байгуулж, Конгресст хяналтаа тогтоосон ч Сенатын филибастер дүрэм (Filibuster) буюу хэлэлцүүлгийг сунжруулах замаар санал хураалтыг гацаах дүрмийн улмаас томоохон хууль тогтоомжуудыг Трампын ширээнд хүргэх нь амаргүй даваа байх болно гэж профессор Рихер тэмдэглэжээ. Мөн тэрээр Ардчилсан намынхныг Трампыг дахин импичмент хийхээр оролдох нь улс төрийн эрсдэлтэй бөгөөд энэ нь 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намынханд ашигтайгаар эргэж магадгүйг анхааруулсан байна.
Филибастер гэдэг нь АНУ-ын Сенатын танхимд цөөнх хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахаас сэргийлж, хэлэлцүүлгийг зориудын аргаар сунжруулах замаар хуулийг гацаадаг улс төрийн хүчирхэг тактик юм.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд үг хэлэх хугацааг хатуу заасан байдаг бол Сенатын танхимд гишүүд хэдэн ч цагаар хамаагүй хязгааргүй үг хэлэх эрхтэй байдаг тул хуулийн төслийг эсэргүүцэж буй Сенатч индэр дээрээс тасралтгүй ярьж цаг хождог байна. Хязгааргүй үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийг албан ёсоор зогсоож, хуулийн төслийг санал хураалтын шатанд шилжүүлэхийн тулд Клотур хэмээх дүрмийг ашигладаг бөгөөд үүний тулд Сенатын 100 суудлын 60-аас доошгүй хувийн санал буюу супер олонх шаардлагатай болдог.
Хэрэв хуулийг дэмжигч тал 60 санал цуглуулж чадахгүй бол эсэргүүцэгч тал хэлэлцүүлгийг зогсолтгүй үргэлжлүүлж, эсвэл филибастер хийнэ гэдгээ мэдэгдэхэд л хангалттай бөгөөд хуулийн төслийг санал хураалтад оруулахгүйгээр бүрэн гацааж орхидог. АНУ-ын Сенатад хуулийн төслийг эцсийн байдлаар батлахад ердийн олонх буюу 51 санал хэрэгтэй байдаг ч тэрхүү эцсийн санал хураалтын шатанд очихын тулд заавал филибастерыг давж 60 санал авсан байх шаардлага тулгардаг тул 60 санал хүрч чадахгүй бол 51 Сенатчийн дэмжлэгтэй хууль байсан ч санал хураалтад орж чадалгүй унадаг байна. Энэ утгаараа 2026 оны завсрын сонгуулиар Ардчилсан нам Сенатад олонх боллоо ч гэсэн 60 суудал авч чадахгүй бол Бүгд найрамдах намынхан филибастер ашиглан Ардчилсан намын хуулиудыг батлуулахгүй гацаах бүрэн боломжтой хэвээр үлдэх юм.
ТАТАР МАЙДАР






Улс төр



