УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.12.06/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 2025 оны төсвийн төслийг дагалдаж 11 хууль, 4 тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм.
Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Иймд эдгээр гурван хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар шийдвэрлэж, тогтоол гаргав.
Харин хэлэлцэхийг дэмжсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн Цөмийн аюулгүй ажиллагаа конвенц соёрхон батлах тухай хууль, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль, Бага хэмжээний цөмийн материалыг шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хууль Хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсов.