Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин: Шигшээ багийн төсвийг бууруулснаар гарах эрсдэл нь тамирчид чансаа тогтоох, оноо цуглуулах тэмцээнд орох боломжгүй болж байгаа буюу 2028 оны олимпод оролцох тамирчдын тоо буурах магадлалтай. Хоёр дахь төсвийг барихад бүх сайдууд байсан. Бидний хувьд өгөх ёстой мэдээллээ өгсөн. Ажиллах ёстой түвшинд ажилласан. Өнгөрсөн хугацаанд гишүүд өөрсдөө шийдвэр гаргаж, хамгийн ихээр хүний хөгжлийн асуудал руугаа дайрсны золиос болж байна. Төсвийн байнгын хороон дээр ч бид бүх мэдээллээр хангаж ажиллалаа. Төсвийн асуудал дотроос хамгийн нэгдүгээрт ойлгомжтой асуудал боловсрол. Дээрээс нь соёл спортын асуудал байдаг. Энэ утгаараа эдгээр асуудлуудыг нийтийн анхааралд оруулах гэж маш их ажилласан. Нөгөө талдаа төсөв дээр попорсон гишүүдийн асуудал гэж үзэж байна. Монгол Улсын хүний хөгжил бол соёл, өв уламжлал, түүхтэйгээ шууд холбоотой. Монгол хэл, түүх соёлоо хадгалж хамгаалж чадахгүй бол бид Монгол Улсаа хадгалж хамгаалж үлдэх эрсдэлд орно. Энэ талаасаа маш учир дутагдалтай зүйл боллоо гэж харж байна.
Кино урлагийг дэмжих зөвлөл, Кино урлагийг дэмжих сан олон улсынхаа стандартаар бие даасан, хараат бус мэргэжлийн шийдвэр гаргах зөвлөл байдаг. Зөвлөлийн үйл ажиллагааны мэдээлэлд ташаа мэдээлэл гарч ирсэн байна. 18 киног өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэмжсэн байна гэдэг мэдээлэл өгсөн. Кино урлагийн зөвлөлөөс хэн хэдэн төгрөгийн дэмжлэг авсан бэ гэдэг мэдээллийг өөрсдөөс нь авсан нь зөв болов уу. Миний зүгээс хэлсэн мэдээлэл нь Кино урлагийн зөвлөл гурван төрлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг. Нэгдүгээрт, кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, хоёрдугаарт, олон улсын чанартай дэлхийн тавцанд гарах кино, продакшнуудыг дэмжих, нөгөө талдаа олон улсын кино наадмуудад оролцох боломжуудаар хангадаг гэдэг мэдээлэл өгсөн. Энэ дундаас ташаа мэдээлэл гарсан байна гэж үзэж байна.