УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.
-Засгийн газарт асуулга тавьсны дагуу хариу ирсэн байна. Ямар дүгнэлт хийж байна вэ?
-Б.Энхбаяр, З.Мэндсайхан гишүүдтэй хамтран Засгийн газарт тодорхой хоёр л асуулт тавьсан. Нэгдүгээрт, хуулиар чиг үүрэг нь тодорхой бус зөвлөл, хороо хэд байгаа вэ. Энд хэдэн хүн ажиллаж байна, хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ. Хоёрдугаарт, Бүтээмжийн болон хяналтын менежер гэх хүмүүсийг Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж томилж байгаа албан тушаалтнууд бий юу гэдэг дээр л асуусан. Энэ нь хууль тогтоомжтой хэр нийцэж байгаа вэ гэдэг зүйлийг асуусан. Засгийн газраас өнөөдөр Н.Учрал сайдын гарын үсэгтэй хариу ирсэн. Нийт 57 зөвлөл, хороо, төв байгууллага ажиллаж байгаа юм байна. Үүний тодорхой хувь нь хуульгүйгээр буюу тодорхой Засгийн газрын үйл ажиллагааны чиг үүрэгт заасан зорилтод тавигдсан буюу мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлийг хэрэгжүүлэх үүднээс түр зуур байгуулагдсан гэж хэлж байна. Түр зуур байгуулагдана гэдэг зүйл байхгүй. Ажлын хэсэг л түр зуур байдаг. Зөвлөл хороо хуулиар байгуулагдаж байж аль яамны чиг үүргийг салгаж түр хороог байгуулдаг. Эсвэл аль аль яамдын үйл ажиллагаанд кординат хийж зохицуулахаар байгуулагдаж байгааг хуулиар тодорхой зааж өгч байж байгуулдаг. Энэ бүх зүйлээс харахад тодорхой хэмжээний цэгцлэх зүйл байна гэдэг нь харагдаж байна. Хяналтын болон бүтээмжийн 42 менежер томилогдоод байгаа юм байна. Би андуураагүй бол Төрийн хэмнэлтийн тухай хуулийг нэлээд сенсацтай гаргаад, орлогч дэд дарга нарыг байхгүй болгоод ямар нэгэн нэршлээр энэ албан тушаалтнуудыг дахиж гаргаж ирэхгүй гэдэг зүйлийг ярьсан. Би бодит прогматик талдаа байдаг хүн. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр шиг газарт орлогч даргын хэрэг байгаа. Түүнд томилогдож байгаа хүмүүс нь Төрийн албаны болоод төрийн өмчийн бодлого зохицуулах байдаг юм уу, холбогдох компанийн дүрэм журамд заасны дагуу сонгон шалгаруулалтад ерөөсөө ороогүй юм байна. Шууд улс төрийн томилгоонууд хийгдээд явчихсан. Үүнд би сэтгэл дундуур байна.
-Одоо нэгэнт гаргасан шийдвэрийг яах вэ. Энэ томилгоо цаашид хийгдээд явах уу?
-Засгийн газар гаргасан шийдвэрээ өөрөө зөвтгөж болно. Эсвэл холбогдох ҮХЦ ч юм уу зөвтгөх арга байдаг. УИХ Засгийн газрын тодорхой шийдвэрүүдийг хүчингүй болгох, хуульд нийцэж байна уу гэдэг байдлаар асуудлыг хөндөж болно.