ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа.
-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуульд санал өглөө. Хуулийн доголдолтой байдлаас үүдэн эмч хохирсон нөхцөл байдал үүсээд байна. Та үүн дээр байр сууриа илэрхийлээч?
-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын төлөөллийнхөө хувьд эс, эд, эрхтэн шилжүүлэхтэй холбоотой, мөн донорын хуулийг, цусны болоод эд эрхтний хууль гэсэн хоёр тусдаа хууль болгоё гээд хоёр хуулийн төсөл боловсруулаад явж байна. Үүнд нь Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн төслийг өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Юун дээр анхаарах вэ, хуулийн төсөлд нь ямар санал өгөх вэ гэдэг дээр бид саналаа өгч ярилцсан.
-Энэ хууль тодорхойгүй нөхцөл байдал үүсгэснээс П.Батчулуун эмч хорих ялаар шийтгэгдсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-П.Батчулуун эмчийн хувьд харамсалтай зүйл болсон. Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. ХЗДХЯ түүний харьяа байгууллага, ШШГБ-ын хувьд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй. П.Батчулуун эмчийн биеийн байдалтай холбоотой, ял эдэлж байгаатай нь холбоотойгоор асуудлууд хөндөгдөж байгаа. Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж байдаг. Хорих байгууллагын хувьд хорих байгууллагын эмнэлгээс комисс хуралдаад ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орсон өвчтэй хүн байна аа гэж үзвэл хорих ялаас чөлөөлөх саналыг гаргадаг. Энэ дүгнэлтээ прокурорын байгууллагад хүргээд, прокурорын байгууллага Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулаад шүүх рүү хандаж асуудлыг шийдвэрлүүлдэг. П.Батчулуун эмчийн хувьд хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан байна. Энэ хүнийг хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс гараад прокурор дээр хянагдаад явж байгаа. Ийм нөхцөл байдалтай байна.
-Тэгэхээр прокуророос зөвшөөрвөл П.Батчулуун эмчийг суллах боломжтой гэсэн үг үү?
-Тийм. Прокурорын байгууллага шүүх шинжилгээний байгууллагад хандаж дүгнэлт гаргуулах ёстой. Энэ үндсэн дээр энэ хүн хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан өвчнөөр өвдсөн хүн байна. Энэ хүнийг хорих ял эдлүүлэх бололцоогүй байна гэсэн асуудлаа шүүхэд тавиад шүүх хорих ялаас нь чөлөөлөх журамтай. Одоо энэ үйл ажиллагаа хэрэгжээд явж байна гэсэн үг.
-Процессын хувьд хэр хугацаа орох вэ?
-Шүүх шинжилгээний байгууллага дүгнэлт гаргах, прокурор дүгнэлтээ гаргаж шүүх рүү явах гэсэн дарааллаар явна. Прокурорын байгууллага 5 хоногийн дотор шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлж байгаа. Шүүх шинжилгээний байгууллагуудад хүргүүлээд, байгууллагуудын үйл ажиллагаа шүүх хурлыг хэзээ тавих, дүгнэлтийг хэзээ гаргахыг нарийвчлан хэлж чадахгүй нь. Гэхдээ ойролцоогоор 30 хоногийн дотор шийдвэрлэгдээд явах байх гэсэн бодолтой байна.