Цаг үеийн мэдээ

Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол тамирчин анх удаагаа дөрвөн медалийн эзэн боллоо. Энэхүү бахдам амжилтын эзэн бол Очирбатын Насанбурмаа юм. Өмнө нь гурван хүрэл медаль хүртээд байсан тэрбээр анх удаагаа шигшээд шалгарч медалийн өнгөө хувиргасан нь энэ.

Түүний дотоод ертөнцөөр аялагтун

Сайн байна уу? Дэлхийн аваргаас 4 дэх медалиа зүүн, Чөлөөт бөхийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэнд баяр хүргэе?

- Сайн байна уу? Баярлалаа.

Медалийн өнгөө өөрчлөөд шагналын тавцанд гараад "Ochirbat Nasanburmaa Mongolia" гэж дуудуулах тэр мөчид хамгийн түрүүнд юу бодогдов?

- Хамгийн түрүүнд аав ээж минь л бодогдсон доо. Дуудах нэрийг эцэг эх нь өгч, дуурсагдах нэрийг хүн өөрөө олж авдаг юм шүү гэж миний аав надад хэлж байсан юм. Барилдах бүртээ аавынхаа нэрийг дуудуулах сайхан байдаг.

Т.Сүхбаатар багшийн бүжиглэдэг газар нь Будапешт болжээ

- Багшийг харин бүжиглүүлье гэсэн чадсангүй. Урьд нь Том О.Бурмаа эгч бид 2 ДАШТ-ээс хамтдаа медаль авч багш баярлаад бүжиглэж байсан.

Ука гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?

- Манай гэрийнхэн л өгсөн. Бага байхаас л Ука, Улкана, Улаанаа гээд дууддаг байсан. Зарим хүмүүс гайхаад байдаг юм Ука гэхээр. У үсгээр эхэлсэн нэртэй юм болов уу? гэж бодсон чинь шал өөр Насанбурмаа юм уу гээд. Миний нэрийг нэг том лам өгсөн гэсэн. Бурханы нэр гэсэн шүү. Дамбаа багш шинэ орж ирсэн хүүхдүүдэд "Манай насанбурмаа гээд охин байгаа их сайн барилддаг" гээд их ярьдаг байсан гэсэн. Тэгээд тэр хүүхдүүд нь надтай Ука нэрээр найз болсон хэрнээ Насанбурмаа гэдэг охин нь хаана байгаа юм бол гээд боддог байсан гэсэн.
Тээр сүүлд Ука Насанбурмаа 2 чинь нэг хүн юм байна гэж мэдсэн гээд инээгээд байдаг юм. /инээв/

О.Насанбурмаа гэж хэн бэ? Өөрийгөө нэг өгүүлбэрээр илэрхийлээч

- Насанбурмаа гэж Ука. Би өөрийгөө дайчин эмэгтэй гэж боддог. /инээв/

Насанбурмаа маань "Хүч" спорт хороонд албатай, цагдаагийн албан хаагч. Эх орон гэдэг таны бодлоор?

- Монгол хүн болж төрсөнөөрөө үргэлж бахархдаг. 2008 оноос Цагдаагийн байгууллагаар овоглож байгаа. Аль багаасаа Цагдаа болно гэж мөрөөдсөн. Одоо Төмөр цагдаагийн газар харъяалагддаг.

Зодог тайлсаныхаа дараа ямар чиглэлээр ажиллах вэ? Дасгалжуулагч биш бол ?

- Би ҮБТДС, ШУТИС-ийн МИСургуулийг тээврийн удирдлагын менежмэнтээр төгссөн. Мөн Удирдлагын академийг төрийн захиргааны менежмэнт мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллах бодолтой байгаа гэхдээ хараахан шийдэлд хүрээгүй байна.

Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

- Нийгмийн сайн сайхны төлөө бусдад туслахыг эрмэлздэг. "Итгэл сэтгэлийн Цагаан гүүр" гэдэг ТББ байгуулж үйл ажиллагаа явуулж байсан. Гэхдээ зав зай жаахан муу болохоор түр завсарласан байгаа. "Алтай констракшн" компаний захирал Х.Бат-Эрдэнэ ах шигээ хүн болохыг боддог. Тэмцээн уралдаанд сайн оролцдог хэрнээ зардал мөнгө олддоггүй хүүхдүүд их байдаг.

2018 он таны хувьд олон үйл явдалтай нүүр тулсан жил боллоо. Эхнийх нь найздаа туслах хандивын аян байсан байх?

- Зардал мөнгө байсан бол аль эрт 2012-2013 онд хагалгаанд оруулсан бол миний найз /Б.Оюунсүрэн/ одоо надтай хамт барилдаад явж байсан байх. Энэ жил сайхан аян өрнүүлж, хүн болгон тус дэм болж, сайхан аян өрнүүлсэнд их баярладаг. Нэг өдөр Око /Б.Оюунсүрэн/ маань уйлаад манайд ороод ирсэн. Тэгээд манай нөхөр С.Доёддорж бид 3 сайн ярилцаад, манай хүн бөхийн халз барилдаан зохион байгуулая гэж санал гаргасан. Энэхүү аянг зохион байгуулсан Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУГТ П.Орхон, "Жудаг" группийн Жагаа, Батбаяр ах, ОХС компаний захирал Бямбадорж болон бүх хүмүүстээ баярлаж явдагаа илэрхийлмээр байна. Мөн МЧБХ, холбооны удирдлагууд, "Алдар" спорт хороо, "Аваргууд" академи, "Хасу Мегастар" Түмэн-Аюуш захирал, Чөлөөт бөхийн Холбооны Б.Болд, Гансүх ах нартаа гээд чөлөөтөөр овоглодог хүн болгон спортын бусад төрлийн тамирчид гээд тоочоод баршгүй олон хүмүүс тусалсан. Та бүхний ажил төрөлд хамгийн сайн сайхныг хүсье. Бас тэнд барилдаж өгсөн Үндэсний бөхчүүддээ, найзууддаа "Маш их баярлалаа" гэж хэлмээр байна.

Буян буцаж эргэдэгийн жишээ энэ болж та ДАШТ-ээс медаль авсан юм болов уу? Нөхөрлөл гэж таны бодлоор

- Найздаа тусалж чадсандаа л үнэхээр их баяртай байдаг. Би найзынхаа зүгээр л найз нь байхыг хүсдэг. "Ямар ч үед хамтдаа". Мaнай найз ч гэсэн тийм миний төлөө гэсэн сэтгэлтэй. ийм л найзтайдаа би үргэлж бахархдаг.

Азийн наадамд явах гэж нилээдгүй юм болсон. Бөх сонирхогчид медаль авахад баярлаад, авахгүй бол элдэвээр дууддаг?

- Гaнцхан над дээр ч гэлтгүй нийт тамирчдыг тэгж байгаа юм шиг санагддаг. Энэ бол миний л сонгосон зам, миний амьдрал шүү дээ. Би өөрөө юу хүснэ, юунд зорино, түүндээ л хүрэхийг хүснэ.

Шүүмжилж болно, доромжилж болохгүй биз дээ. Сайн барилдахаар тэнгэрт тултал магтаад, муу барилдахаар нь доромжлоод тийм байж болохгүй л дээ.
Би хааяа боддог юм. Хэн ч, ямар ч тамирчинг PC -ний араас доромжлоод суух амархан л даа. Та тэр хүнийг яаж хөдөлмөрлөж байгааг нь нэг ч хараагүй, нэг өдрийн бэлтгэл хийх нь бүү хэл нэг удаагийн бэлтгэлийг хараагүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ.

Сэтгэлзүйн тал дээр их тайван дөлгөөхөн байх шиг санагддаг. Хэдийгээр олны танил мундаг тамирчин болсон ч гэсэн уйлах үе олон тохиолддог уу?

- Уйлах үе зөндөө бий.

Таны аав, ээжээс нь эхлээд олон хүн сургамжтай үг хэлж байсан нь мэдээж. Тэдний захиж хэлсэн үгнээс хамгийн мартагдахааргүй нь?

- Дуудах нэрийг эцэг эх нь өгч, дуурсагдах нэрийг хүн өөрөө олж авдаг юм шүү гэж хэлж байсан миний аавын захиас байна. Бас том ах маань бөхөд анх ороход "Нэг ч хүнд албаар бууж өгч болохгүй шүү. Цол, аз нь харьдаг гэсэн шүү" гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй.

Байнга бодож, өөрийгөө зоригжуулдаг үг.

- "Эзэн хичээвэл заяа хичээнэ."

Үеийнхээ залуус охидоос юу нь шүүмжлэлтэй, юу бахархалтай харагддаг вэ?

- Манай үеийн залуус их мундаг явж байгаа харагддаг. өөр өөрсдийнхөө салбартаа дандаа манлайлагч болоод явж байгаа.

Гадаадын олон орноор явж үзсэн. Монголоо тэдгээр улстай харьцуулахад?

- Олoн орноор явсан л даа. Гэхдээ Монгол орон минь үнэхээр сайхан шүү дээ. Ямар ч улс оронтой зүйрлэшгүй.

Гэр бүл гэдэг ямар ч хүний хувьд маш нандин үнэт зүйл. Гэр бүлийнхээ тухай танилцуулаач.

- Манай аавыг Очирбат гэдэг. Баянхонгор аймгийн хуучин Жинст сумын уугуул. Манай ээж Увс аймгийн хяргас сумын хүн. Би 7 хүүхэдтэй айлын отгон нь. Maнай хүнийг С.Доёддорж гэдэг. Үндэсний бөхийн аймгийн начин цолтой.

Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг бол? Спортоос өөр авъяас.

- Чөлөөт цаг ер нь бага л даа. Хааяа даа амралтаараа ууланд алхах, ном унших дуртай. Найз нөхдөө гэртээ уриад сайхан хоол хийх дуртай юм байна.

Ээж болох төлөвлөгөө?

- Токиогийн олимпийн дараа болох байхаа.

Эх орныхоо төлөө өөрийн хувь нэмрээ оруулах чин эрмэлзэлтэй байгаа нь мэдээж. Юу хийхийг хүсэж байна.

- Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд ард бидэнд хэрэгтэй зүйл их байгаа шүү дээ.

Монгол улсын өнөөгийн байдал, улс орны хөгжил таны бодлоор?

- Замаа сайжруулмаар санагддаг.

Хоёр сарын дараа л УАШТ эхэлнэ. Олимпийн жинд барилдах нь мэдээж байх. Гол зорилго эрхээ авах, Токиог зорих уу?

- Олимпийн жин 68-д барилданаа.

Ярилцсанд баярлалаа. Хамгийн сүүлийн асуултыг таньд үлдээе

- Намайг үргэлж дэмждэг Х.Бат-Эрдэнэ захиралтай “Алтай констракшн” ХХК, Цагдаагийн ерөнхий газар, Төмөр зам дахь цагдаагийн газар, БТСГ, Монголын чөлөөт бөхийн холбоо, Спортын анагаах ухааны алба, Саранцацрал эмчдээ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар, Т.Сүхбаатар, Дамбарагчаа багшдаа, гэр бүлийнхэн, найз нөхөд, монгол түмэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
Мөн ДАШТ-ийг ивээн тэтгэсэн "Сүү" компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Нэрлээд тоочоод байвал маш олон хүмүүс байгаа, бүгдэд нь баярлаж явдаг шүү. Нэрийг нь дурдаагүй бол уучлаарай.

Спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

- Баярлалаа. Та бүхний ажил хөдөлмөрт ч гэсэн ажилт хүсэн ерөөе.

Ч.Амартүвшин

 

Таны сурталчилгаа