Өдөр болгон л авто ослын тухай Аймшигтай мэдээ сонсогдож, эрдэнэт хүний амь нас эрсдсээр байна.
Өчигдөр л гэхэд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус маркийн автомашин Тоёота Аксио маркийн автомашинтай мөргөлдөж таван сартай хүүхэд болон гурван том хүн нас баржээ. Ослын зурагнаас харахад түрүүлж гүйцэх гэж байгаад ТҮС НЯС. Эцэст нь хорвоод дөнгөж мэндэлсэн нялх хүүхэд, түүнийгээ тэсэн ядан хүлээж тэвэрсэн аав,ээжүүд, өвөө эмээ нар хорвоог орхилоо.
"ЯАРААД ЯАХАВ ДЭЭ" уриа дэвшүүлээд ч нэмэр алга. Энэ бол бидний цэвэр ухамсарын асуудал.
1. Тархин дахь ХОГ
Гал улаан Феррири унаад, "Формула 1", "Наскар" уралдаанд уралдах гэж байгаа юм шиг давхидагын ГАЙ. Нэг нь үхэх гэж байгаа юм шиг урдуур нь түрүүлж гүйцэх гэдэг. Нөгөөх нь урдуураа оруулах гэхээр өөрөөс нь авдар дүүрэн АЛТ унах гэж байгаа юм шиг шахаад оруулдаггүйн гай. Жолоо мушгидаг хүн болгон эхлээд тархин дахь Хогоо цэвэрлэхгүй бол автын осол Монголчуудын хүн амыг өдөр болгон багасгасаар байх болно. Нийтийн тээврийн жолооч нар гэж бас цээжний хийтэй нөхдүүд бий. Мэдээж олон сайн жолооч нар бий ч автобусны буудал дээр нэгнийхээ урдуур дайрдаг, хойно нь дагаж орж зогсохгүй заавал урд нь хөндөлдөж зогсдог автобусны жолооч нар маш их. Бараг л хоёр троллёйбусны жолооч нар хоорондоо уралдах нь халаг юм болно.
2011 оны наадмын дараах үе. Дашинчилэнгийн зам үерт сэтрээд, машин унаад сүйд болсоныг зарим нэг хүн санаж байгаа байх. Бороо хэсэг намдсаны дараа зарим нэг жолооч бусад машиныг унагаахгүйн тулд зам дээр гараа өргөөд зогстол хажуугаар ус цацаад сүнгэнээд өнгөрөн, өөрсдөө машинтайгаа сэтэрсэн замын жалга руу үсрээд орсон байдаг. Дараагийнх нь машинд гар өргөтөл бас л сүнгэтэл давхин араас нь үсэрсэн. Гуравдахь машиныг зогсохгүй болохоор нь машин руу нь чулуу нүүлгэсэн гэсэн. Өнөөх машины жолооч мангар ууртай нэг Баагий чулуу шидсэн нөхдүүдийг Ална хядна гэж гарч ирээд, амь аварлаа гээд талархсан гэсэн шүү.
Бараг л 50, 100 метр болгонд хурд сааруулагч байрлуулж /Хэвтээ цагдаа/, километр болгонд Цагдаагийн машин зогсоохгүй бол Монголчуудын энэ Хийрхэл зогсохгүй.
2. Жолооны Курс гэж асар том бизнес бий. Сургалт, жолоо хоёртоо бараг суухгүй байж байгаад л үнэмлэхээ авдаг. Нэг нь сурсан болж, нэг нь сургасан болгож мөнгө олдог эдгээр курсуудыг эхлээд цэгцлэх хэрэгтэй. Үүнийг хүн болгон шахуу л мэддэг хэрнээ анхаарал хандуулахгүй байсаар. Дүрмийн багш нь ч гайгүй, жолооны багш нар гэж аймаар нервтэй, уух дуртай нөхдүүд их бий. Одоо тэдгээр багш нар багассан байх гэж найдахаас!!!
3. Зам гэж ТАМ
Нийслэл хот жоохон ахиухан бороо орчихоор л усанд автан УСАНБААТАР хот болно. Ус зайлуулагч байхгүй, зам тависан компаниуд нь хулхины юм хийсэн, түүнийг нь хүлээж авсан Мэргэжлийн хяналт болон бусад байгуулагууд нь авлигад идэгдсэн, Яаманд нь цүнх баригч нар дүүрсэн. Ард түмэн нь фэйсбүүк, твиттерээр л бухимдлаа илэрхийлэхээс өөр тэмцэл үгүй, өөрт нь олдсон ганц боломж болох сонгуулиар "Аугаа ухаантай дарга, гишүүд"-ээ байнга сонгосон. Гайгүй юм хийчэх хүнээ Поп, рокоор нь дуудаж хоч өгсөн, боловсролгүйг нь гайхсан. Манай ард түмний ганц том дутагдал нь энэ.
"Сонгууль - Зам" хоёр юугаараа холбоотой юм бэ гэхээр хийж бүтээдэг, төрөөсөө хулгай хийдэггүй хүн сонговол нийслэл хотын замын хөгжлийг үе шаттайгаар нь хөгжүүлж, замын компаниудаас Хариуцлага, чанар нэхэж, ажлыг бага багаар нь ахиулан бүтээн байгуулалтыг жинхэнэ утгаар нь л хийх болно. Сүүлийн хэдэн мэдээлэл сонсож байхнээ "Торгоно, хураана, ачина, хөдөөний машин явуулахгүй" ч гэх шиг мэдээ л цуварна. Яагаад " Соёлтой, сайн жолоочийг урамшуулна, татвар, даатгалаас хөнгөлнө" гэсэн үг хэлдэггүй болсон хорвоо вэ? Байнга сүрдүүлээстэй.
Соён гэгээрүүлэх ажлыг байнга явуулж байж, жолооч нарын тархины хогийг цэвэрлэх ёстой юм бус уу???
Зам гэж ТАМ, ухамсар гэж ХОГ, жолооны сургалт гэж Бизнес байсаар байсан цагт автын осол хэзээ ч буурахгүй ээ.
Аа, тийм. Тэр сүртэй Азын 160 гаруй дугаарыг хадгалж байгаад дуудлага худалдаагаар зарчихаач. Мөнгөтэй хүмүүс үнэ цохиод авбал Улсын орлогод ч хэрэгтэй баймаар. Харин зарахдаа Үнэ хаялцуулаад зарчих хэрэгтэй. "Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү" хэнд хамаатай.
Ч.Амар