Бээжингийн биотехнологийн лабораторийн мэргэжилтнүүд Хятадын хамгийн анхны клонжуулсан /эсийн хиймэл аргаар хувилж гаргасан/ муурыг амжилттай төрүүлэн тэжээн торниулж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Сармис хэмээн нэрийдсэн уг муурын зулзага нь Sinogene биотехнологийн компанийн лабораторид 2019 оны долдугаар сарын 21-нд төрсөн байна. Өндгөн эсийг эм тээгч мууранд суулган үүнээс уг зулзагыг гарган авчээ.
Уг муурын зулзагыг гуравдагч этгээдийн оролцоотойгоор эсийн аргаар хувилан гаргаж авсан бөгөөд одоо түүний биеийн байдал маш сайн байгаа гэж тус лабораторийн мэргэжилтэн сэтгүүлчдэд мэдээлжээ.
Эсийн хиймэл аргаар муурын зулзага төрүүлэх энэ төсөл өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд лабораторийн мэргэжилтнүүд эмэгчин дөрвөн муурны хэвлийд хиймэл аргаар хувилан гаргасан өндгөн эсийг суулгаж, нэг нь ийнхүү амжилттай төрсөн байна.
Муурыг эсийн аргаар амжилттай хувилан гаргах нь тун ховор байдаг. Учир нь муур нөхөн үржихүйн өвөрмөц шинж чанартай байдаг тул тэдгээрийг клон хийхэд хэцүү болгодог аж.
Sinogene лабораторийн энэхүү амжилттай хэрэгжүүлсэн төсөл нь Хятад улсын эсийн аргаар хувилан гаргах судалгааны салбарт ихээхэн түлхэц өгөх алхам болсон байна.
Сармис хэмээх зулзагыг бий болгоход ашигласан эсийн аргаар хувилах технологи нь устаж үгүй болох аюулд нэрвэгдсэн төрөл зүйлийн амьтадын үржлийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр үзүүлэх юм.