Богд Зонховын дүйчин өдөр Зулын 25- нд болох галын тахилга зан үйлийн утга учрын талаар Б.Соронзонболд лам /МБШИС- ийн багш/ тайлбарласныг нийтэлж байна.
11 сарын 25- нд буюу Зулын 25- ны дүйчин өдөр 15:00 цагт Жанрайсэгийн урд талбайд гал тахих үйл болно.
Энэ зан үйлийг Монгол хэлээр унших нь энэ жилийн онцлог юм.
Хамба номун хаан Д.Жавзандорж ламтан ширээнд залрахдаа Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хурал номоос тодорхой уншлагуудыг Монголоор уншина гэсэн уриалга өрнүүлээд тэр ажил маань үе шаттай хэрэгжиж байна.
Үүний нэг нь гал тахих зан үйлийг Монголоор унших үйл явдал юм.
Гал тахих судрууд Монгол бичгээр ч төвд хэлээр ч туурвисан олон янзын судрууд байгаагийн дотроос бид бүхэн Монгол ламын зохиосон гал тахилгын судрыг сонгож аван орчуулаад олон нийтээр уншихад бэлэн болоод байна.
Гал тахилгын зан үйлийг Жанрайсэг дацангийн лам хуврагууд голлон хийнэ. Бурханы шашинд энэ зан үйлийн учир холбогдлыг юу гэж үздэг вэ гэдгийг тайлбарлая.
Зүгийг тэтгэгч 15 тэнгэр бий гэж үздэг түүний нэг тэнгэр нь галын тэнгэр юм. Зүүн урд зүгт морилж, галыг эрхшээж галд оршиж байдаг гэж үздэг. Эдгээр 15 тэнгэрт ном эрдэмд нь барцад саадгүй байх, мөн энэ насанд өвчин зовлон тэргүүтэй янз бүрийн саадаас хамгаалж байхыг даатгаж ирсэн уламжлалтай.
Гал тахилгын зан үйлийн гол агуулга, дараалал нь:
Урин заллага- Лам нар хоосон чанар, бодь сэтгэлийг үүсгэж урин зална. Гал бурханыг дүрслэхдээ улаан сэрх ямааг хөлөглөсөн 4 мутартай, цагаан өнгөтэй торгоор өөрийн биеийн чимсэн дүртэй хэмээдэг.
Галын бурхныг зүүн урд зүгээс урин залж галд оршоох зан үйл юм
Тахил өргөлийн хэсэг- энэ бол нийтийн бусын тахил өргөдөг. Балин тэргүүтэй тахил өргөлийн зан үйл болно
Үйлс даатгалын хэсэг – энд 4 үйл даатгадаг.
- Амирлуулах үйл даатгалд Монгол орон нийтээрээ янз бүрийн өвчин зовлон, хэрүүл тэмцэл, хямрал тэргүүтэй харшлах шалтгаан муу зүйлийг амирлуулж байхыг даатгана.
- Дэлгэрүүлэх үйлд нас буян хишиг яруу алдар, алив сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж хайрлахыг даатгаж байдаг.
- Эрхэнд хураах үйлд- өөрийн санасан бодсон үйл хэрэг тэр бүхэнд хурж ирэхийг сэтгэж бодож даатгадаг
- Хатуу үйл- янз бүрийн хэл ам тэргүүтэй хатуу үйлийг дарахыг даатгадаг.
Галын хишиг даллага- Монголын ард түмнийг сайн, сайхан байлгах хэрэгтэй эд зүйлс оюун ухаан бүх зүйл нь дэлгэрч сайн сайхан байхыг даатгадаг энэ үйл болно.
Төгсгөлд нь Өлзий оршоолго буюу Өлзий хутгийг оршоох ийм хэсгүүдээс гал тахилгын зан үйл бүрдэж байгаа юм.
Нийт сүсэгтэн олон та бүхэн идэвхтэй оролцож монгол хэлээр дагаж унших боломжтой юм. Энэ мэт олон сайхан үйл явдал зохион байгуулж байна.