“Есөн харын найрлага” хэмээх энэхүү үрэлд есөн чухал эмийн зүйлсийн найрлага орох бөгөөд Манал Бурханы үүднээс бясалгаж Манал Бурхан, Язгуурын гурван бурхан, Дамдин Янсан буюу Хаянхирваа Бурхан, Дүзичилва (арван догшидын нэг), Бурнабадра (найман Намсрайн нэг Ганвасанбуу), Махадэва тэнгэр, Ямандага Бурхан тэргүүтний тогтоол тарнийг урин уншин дээрх бурхан сахиус нугуудын мөн чанартай болгон адислан бүтээдэг. Нагбу гүжорын биедээ авч явах, утах, зүүх зэргийг үйлдсэнээр 360 адаар шалтаглагдсан халдварт хижиг өвчин тэдгээрээс сахин хамгаална.
Түүнчлэн эмийн номонд:
– Лусын хорлолоос сахих,
– Савдаг буюу газрын эзний хорлолоос сахих,
– Догшин өвчнүүдээс хамгаалах,
– Боом, сахуутах зэрэг амьсгалын гаралтай өвчин болон харшлалаас хамгаалах, – Нялхасын арван таван их адаас хамгаалах,
– Шарыг судлаар гүйлгэх,
– Ходоод ба гэдэсний шарыг арилгах,
– Бузраас үүдэлтэй гэдэс базлах, гүйлгэх, цанх татах өвчнийг амарлуулах,
– Салхин цэцэг буюу улаан ба цагаан бурхан өвчнүүдийг анагаах зэрэг олон ач тустай хэмээн бичсэн байна.
Үрлийг хэрэглэхэд анхаарах зүйлс:
1. Зөвхөн зааврын дагуу хэрэглэнэ.
2. Хаанаас хэн гаргасан зэрэг гарал үүсэл нь тодорхой (хуурамч биш) үрлийг хэрэглэнэ
3. Агаар болон үнэр нэвтрэх зүйлээр гадуур нь уутлаад зөвхөн хүзүүндээ зүүж хэрэглэнэ.
4. Долоох, идэхийг онцгой хориглоно!!!
5. Жирэмсэн эхчүүд болон нялх хүүхэд зүүхгүй!
6. Биедээ зүүх болон үнэрлэх үед таагүй мэдрэмж төрвөл цаашид хэрэглэхгүй.
7. Хүзүүндээ зүүж уутны гаднаас өдөрт богино хугацаагаар 2-оос 3-н удаа үнэрлэнэ.
8. Биедээ зүүхдээ боломжтой бол чээжнийхээ дээд хэсэгт, хувцасныхаа дотор талд, биеийг нухах зэргээр өөртөө саад болохгүйгээр зүүнэ.
9. Гадуур нь даавуугаар боож, нялх балчир хүүхэд хүрэхээргүй хуурай газар хадгална.