Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас мэдээлэл хийж, статистик мэдээллүүдээ танилцууллаа.
Цагдаагийн байгууллагад нэг, хоёрдугаар сард нийт 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 691 хэрэг буюу 9.3 хувиар буурчээ. Тус хэргүүдийн 65.3 хувь нь нийслэлд, үлдсэн 34.6 хувь нь орон нутгийн хэмжээнд үйлдэгдсэн байна.
1734 гэмт хэрэгт холбогдогсдын 44.9 хувийг 18-29 насны залуучууд эзэлж байгааг ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт ярьсан юм. Мөн энэ оны эхний хоёр сарын байдлаар хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх зэрэг гэмт хэрэг буурснаас гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг 83.2 хувиар буурсныг онцоллоо. Харин залилах, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд өссөнөөс гадна мал хулгайлах хэрэг 22.4 хувиар буюу нэлээд өндөр өссөн үзүүлэлттэй байна.
Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага зөрчлийн шинжтэй 5649, гэмт хэргийн шинжтэй 186 гомдол, мэдээлэл хүлээн авч ажилласан байна. Баяр, амралтын өдрүүдэд бусдын амь насанд халдсан 4, дээрэмдэх 2, хүчиндэх 5, хулгайлах 53 хэрэг бүртгэгдсэн бол золгүй байдлаар 16 хүн нас баржээ.
Дэлхий нийтээр тархаад байгаа коронавиусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөн хийхгүй байх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлж эхэлснээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн тоо өмнө оны мөн үеийнхээс 9.4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.
Гуравдугаар сарын 3-ны өглөө 6 цагт орон нутаг, нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхэд осол гэмтлийн дуудлага, зөрчил илрээгүй гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдагийн хошууч Э.Энхболд мэдээлсэн юм. Одоогоор 98 цэгт цагдаагийн хяналтын цэгийг ажиллуулан орох, гарах урсгалыг хэвийн явуулж байна.
Ө.Анхилам