УИХ-ын хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураалт явуулав. УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын "Тогтоолын төслийн нэг дэх заалтын 11 дэх дэд заалтын харилцан ашигтай гэсний дараа хувилбарт шийдэл бүхий гэрээний хүрээнд гэж нэмэх" хэмээн гаргасан санал дээр гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Бид чиглэл өгөх тогтоол хэлэлцэж байгаа боловч гаргаж байгаа саналуудыг харахаар цаашид энэ чиглэлийн хүрээнд гарах хөрөнгө оруулалтын гэрээний гэдэс, дотор руу нь орсон санал нэлээд харагдаж байна. Гэрээ байгуулахад эргэлзээтэй болох эрсдэлтэй. Жишээлбэл, хувилбарт шийдэл бүхий гэдэг чинь алтернатив сонголттой, шийдэлтэй гэрээ гэж байхгүй шүү дээ. Гэрээ гэдэг чинь тодорхой байдаг биз дээ. А замаар явах уу, Б замаар явах уу гэдгийг явцын дунд өөрчлөөд юм уу, сонгоод яваад байдаг. Тухайн гэрээнээс олж байгаа үр дагавруудыг яаж зохицуулах вэ гэдэг шийдэлтэй нэг тодорхой гэрээ байх ёстой гэж би ойлгоод байгаа. Гэрээ тодорхой ойлгомжтой байж гэмээнэ хатуу мөрдөгддөг. Гэрээг сонгож хэрэглэж болохоор Засгийн газарт чиглэл өгнө гэдгийг ойлгохгүй байна. Засгийн газар байр сууриа илэрхийлдэггүй юм уу. Оруулж ирсэн асуудал дээрээ тайлбар хийж, хамгаалахгүй байсан юм уу. Яагаад ийм мэдээлэл дутуу санал хураалт явуулаад байгаа юм бэ.
УИХ-ын гишүүн Ч.Батнайрамдал: Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсний гүн боловсруулалт, тэр битгий хэл шар шороон шуурга гээд янз бүрийн асуудал байгаа юм л даа. Санхүүгийн талаасаа ч тэр янз бүрийн гэрээний хувилбартай байх юм. Шар шуурга болон сэргээгдэх эрчим хүчний хоёр өөр гэрээ байгаа. Үүнийг л илүү ойлгомжтой болгож тусгая гэж байгаа юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газраас өргөн барьсан энэ тогтоолд нэгдүгээрт, Ганцмод, Гашуунсухайт боомтын хилийн холболтын асуудлыг шийдвэрлэх. Энэ хүрээндээ хөрс хуулалт хийх, нүүрс худалдаж авах гээд дагасан хоёр асуудал нь хамт шийдэгдэнэ. Эдгээр асуудал шийдэгдсэний үндсэн дээр цаашдаа сэргээгдэх эрчим хүчний салбар болон бусад салбар дээр хамтын ажиллагааг өргөжүүлэх гэдэг заалт орж ирж байна гэж ойлгосон.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Б.Энхбаяр гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Өчигдөр байнгын хороон дээр энэ саналаа хэлсэн боловч гишүүд бүгдээрээ хүч түрээд хийчихсэн. Юуг нь нуух вэ дээ. Хоёр Засгийн газар хоорондын хийх гэж байгаа үндсэн чиглэл батлах тухай тогтоолд ийм жижиг сажиг зүйл битгий оруулж өгөөч ээ, гурван гэрээ хийх дээ бид та бүгдийн саналыг аваад тусгаад явъя гэдэг ийм л санал хэлсэн юм. Дахин боловсруулах чиглэл өгнө гээд үг үсгийн хувьд өөрчлөлт хийе гэсэн. Энэ саналаа өчигдөр ч тэр, өнөөдөр ч хэлсэн. Эрсдэлтэй гэдгийг.