Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар батлагдаад 100 дахь хоногтойгоо золгож байна.
Хамтарсан Засгийн газраас хүний хөгжлийн төв нь ГЭР БҮЛ гэж тодотгон, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэмээн шинээр эмхлэн зохион байгуулсан.
100 хоногийн хугацаанд салбарын өнгөрсөн хугацааны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийх ажлыг салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн багш, судлаачдын төлөөллийг оролцуулан 2024 оны 8-9 дүгээр сард хийсэн.
Үүний үр дүнд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн даатгал, нийгмийн халамж, салбарын цахимжилт гэсэн 5 чиглэлээр бодлогын үнэлгээ хийж, цаашид салбар тус бүрээр авч хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэн бүрэн дүүрэн ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ТОГТОЛЦОО, ХУРИМТЛАЛЫН САНГИЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэл”-ийг танилцуулж, Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 95 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо” байгуулагдлаа.
Хуримтлалын сангийн үйл ажиллагааг орон сууцны урт хугацааны санхүүжилттэй уялдуулах чиглэлээр санал боловсруулан Монгол Улсын Ерөнхий сайдад “Залуу гэр бүлд зориулсан орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулиар Хуримтлалын санд 499.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ, ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ БАТЛУУЛЛАА
Өнөөдрийн байдлаар улсын төсвийн-9.9 хувь, ДНБ-3.7 хувийг халамжид зарцуулж байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулж, 2025 оны 01 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Ядуурлын олон талт үнэлгээг үнэн зөв хийж, хамгийн их хэрэгцээтэй хүмүүст зорилтот тэтгэмжийн үйлчилгээг олгох, их өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэрийг оновчтой гаргах зорилгоор “Салбар дундын мэдээллийн нэгдсэн сан” үүсгэж эхний үр дүн, үзүүлэлтийг боловсрууллаа.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
Ажилгүй иргэн, ажил хайгч иргэн болон ажил олгогчийн онцлог хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй, харилцан уялдаа бүхий үйлчлүүлэгч төвтэй, кейс менежментэд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мөн төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн/шинэчилсэн найруулга/ төслийн үзэл баримтлалыг батлуулсан.
Үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулж, 2025 оны 1 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН “JOB CENTER” -ИЙН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭГ НЭЭЛЭЭ
Олон Улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.
Эхний удаад Улаанбаатар хотод дөрвөн төв ашиглалтад орлоо. Цаашид улсын хэмжээнд 19 “JOB CENTER” төвийг байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЭЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛЛАА Капитал банк, Чингис хаан банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгөнөөс 160.0 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Өр, авлагыг барагдуулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхий Прокурорт хүсэлт гаргаж, Авлигатай тэмцэх газар албан ёсоор хэрэг нээж, хяналт шалгалтын ажил эхэллээ.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахад хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөл байгууллаа.
Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сангийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, эрсдэлийг үнэлэх, санал дүгнэлт гаргах хөрөнгө оруулалт, аудитын орон тооны бус мэргэжлийн хороог анх удаа байгуулан ажиллаж эхэллээ.
ТЭТГЭВЭР НЭМЭГДЛЭЭ 2025 оны 1-р сараас 1-нээс эхлэн тэтгэвэр нэмэгдэнэ.
Тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэх журмыг Засгийн газраас баталж, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тэтгэврийг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг тусгалаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр мөн 6 хувиар нэмэгдлээ.
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЛАА
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцооны эрх зүйн орчин бүрдэж, ирээдүйд ахмад настнууд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ.
Тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжихээр зорьж байна.
Тэтгэврийн даатгалын сангийн ачаалал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, бодитоор 4.7 их наяд төгрөгийн ачаалал үүссэн. Дээрх ачааллын ихэнх хувийг нөхөн даатгалын хуулиудад хамрагдаж тэтгэврээ тогтоолгосон тэтгэвэр авагчдын тэтгэвэрт зарцуулсан байна.
“МИНИЙ ТЭТГЭВРИЙН МӨНГӨН ХУРИМТЛАЛ”-ЫГ ҮҮСГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч бүрийг “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” бүртгэлийн данстай болгож, 2 хувийн шимтгэлийг хуримтлуулж эхэллээ.
2024 оны 11 дүгээр сарын байдлаар 1.2 сая даатгуулагчийн дансанд 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлал үүссэн байна.
Даатгуулагч хуримтлалын мэдээллээ portal.ndaatgal.mn цахим систем болон “nDaatgal” гар утасны aппликейшний “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” хэсгээс харах боломжийг бүрдүүлсэн.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэ дагуу Инфляцын түвшинтэй уялдуулан нийт төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмлээ.
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖИЛ, ОРОЛЦОО -2024” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЛОО
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Саадгүй байдал, хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан 2025 онд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх нийгмийн үйлчилгээний зураглалыг боловсруулаад байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн үйлчилгээнд энэхүү зураглалыг ашигласнаар:
• Ямар бэрхшээлтэй хүнийг ямар төрлийн тусламж үйлчилгээнд хамруулах нь тодорхой болно.
• Хэн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгааг тодорхойлно.
• Үйлчилгээний чанар, хүртээмж, хамрагдалтад тогтмол дүн шинжилгээ хийх боломжтой бүрдэнэ.
• Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог, хэрэгцээнд нь нийцсэн цогц үйлчилгээг хүргэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцооны шинэчлэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” Бодлогын шинэчлэл танилцуулах хэлэлцүүлэг боллоо.
БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ ЧУУЛГАН БОЛЛОО
“Бүтээмжийн хувьсгал” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, бүтээмжийн мастер төлөвлөгөөний төсөл, зөвлөмж гаргалаа.
Монгол Улсын хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, БНСУ-аас 5.4 дахин бага байна. Харин уул уурхай, мэдээлэл технологийн салбарт хамгийн их бүтээмжтэй, цалин өндөр байна гэсэн судалгаа гарсан.
АХМАД НАСТАНД ЦОГЦ ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТУРШИН ХЭРЭГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЛЭЭ
Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн хамтарсан тушаалаар "Ахмад настанд цогц үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүлэх журам”, "Ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний мэргэжлийн удирдлагаар хангах журам", “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус батлав.
Ингэснээр ахмад настанд 2025 оноос эхлэн Идэвхтэй насжилтыг дэмжих цогц үйлчилгээ болон Асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүжилтийг шийдвэрлэж байна.