2024 оны дижитал өрсөлдөх чадвараар Сингапур Улс тэргүүлж, Швейцар 2, Дани 3, АНУ 4, Швед 5-рт эрэмбэлэгдлээ. Өмнөх жил АНУ тэргүүлж, Сингапур улс 3-рт эрэмбэлэгдэж байсан. Харин Монгол, Гана, Нигер, Венесуэл улсууд дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр сүүл мушгижээ.
Тодруулбал, Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс 1 эрэмбэ ухарч 67 орноос 64-рт эрэмбэлэгдлээ. 2023 онд 43.03 оноо авч байсан бол, энэ онд 41.31 болж 1.72 оноогоор буурчээ.
Үндсэн 3 бүлгээр харвал Монгол Улс “Мэдлэг” бүлгийн эрэмбээр 6-аар ухарч 62, “Технологи” бүлгийн эрэмбэ 6-ээр ахиж 55, “Ирээдүйд бэлэн байдал” бүлгээр 2 эрэмбээр ухарч 64-рт тус тус эрэмбэлэгдэв.
“Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024”-т дурдсанаар боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь 24, эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр 1, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалт 6, өндөр технологийн экспортын хувь 8, ухаалаг утас эзэмшилт 7-рт байгаа нь давуу тал боллоо. Харин олон улсын туршлага 66, оюуны өмчийн эрх 66, их өгөгдлийн аналитик ашиглалтын түвшин 67, төр хувийн хэвшлийн түншлэл 66, мэдлэгийн шилжилт 67-рт тус тус эрэмбэлэгдэж байна.
Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайланд Ази, Номхон далайн 14 улс хамрагдсанаас Монгол Улс 14, 20 саяас доош хүн амтай 37 улс хамрагдсанаас 37, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20’000 ам.доллароос бага 23 улс хамрагдсанаас 20-рт эрэмбэлэгджээ.
Олон Улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024”-ийг танилцуулдаг.
2024 оны тайлан нь “Мэдлэг”, “Технологи”, “Ирээдүйн бэлэн байдал” гэх гурван үндсэн бүлэг, 9 дэд бүлэгт хамаарах 54 шалгуур үзүүлэлтээр тооцоолдог. Эдгээр нь статистик мэдээлэл болон санал асуулга гэх хоёр эх үүсвэрээс бүрдсэн. Энэ жилийн тайланд нийт 67 улс хамрагджээ.
“Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан” нь Засгийн газар, бизнес, нийгмийн орчинд улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг.