Агаарын бохирдол, утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Сонсголын явцад таван үр дүн гарна.
1. Утаа, агаарын бохирдолд уушги бүхэн амьсгалах даа хордсоор байгаа нь үнэн. Улаанбаатарын уушги бүхэн хохирсоор байна. Улс орон даяар түүхий нүүрс түлэхийг эгнэгт халах шийдвэр гаргах, сайжруулсан нэртэй боловч, муужруулсан түлшийг шинжлэх ухааны үндэслэл, хөдөлшгүй баримтаар нотлохыг зорьж байна.
2. Утаанаас гаргах 1500 гаруй шийдэл, хувилбар байдаг юм байна. Хамгийн үр дүнтэй, бодитой орц гарцыг эрдэмтэн судлаачдын эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд суурилуулж, санал болгуулахыг зорьж байгаа. Ийм хэлэлцүүлгийг хийхийг хүсэж байгаа.
3. Ямар албан тушаалтан хэдэн төгрөгийг хэзээ, яагаад, ямар шалтгаанаар шийдвэр гаргасныг ил тод болгож, олон нийтэд мэдээлнэ.
4. Агаарын бохирдлын үндсэн шалтгааны нэг болсон автомашины утааны үзүүлж байгаа сөрөг нөлөө, үр дагавар, баримт мэдээллийг ил болгож, нийслэл хот ялангуяа түгжрэлтэй шийдлийн талаар ярилцах болно.
5. Утааны сонсголын хэлэлцүүлгийн явцад илрэх, нотлогдох зөрчлүүдийг хэрхэн арилгах санал шийдэл бүхий УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах ийм зорилго агуулж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Утааны сонсгол хийе гэдэг сонсголыг олон удаа явуулж байсан. Нүүрсний хулгайн сонсголтой давхар явагдчихсан. Түлш ашигласны үр дүнд яалт ч үгүй утаагүй болсон. Гэвч яагаад утаа гараад ирэв ээ. Үүнийг гаднынхантай хамтраад судална. Гадаадын аудитыг оруулж, санхүүгийн шалгалтыг хийнэ. Дотоодын аудит ашиг сонирхлын зөрчил гарах магадлал өндөр.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Утааны гамшигтай холбоотой нэвтрүүлэг баримтат киног хэвлэлийнхэнтэйгээ хамтарч хийнэ. Ажлын хэсгийн гишүүд Таван толгой түлш гэх мэт 10-аад газар очиж ажиллана.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Үндэсний аюулгүй байдлын энэ сэдэв дээр урт хугацааны үе шаттай, системтэй ажлыг хийнэ. Зөвхөн хүйтний улиралд бид ажиллахгүй. Урт хугацаатай энэ ажлын хэсэг ажиллана. Иргэдийн саналыг байнга цахимаар авна. Энэ системийг бий болгоно. Сонсгол хоёр сарын дундуур үргэлжилнэ. Цуврал хэлэлцүүлгүүд хийнэ.