Хүндийн өргөлтийн ДАШТ Тайланд улсын Паттая хотод амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын удирдлага дор таван тамирчин хүч бяр сорин өрсөлдөлөө. Өчигдөр +81 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг өргөж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийн болзол хангаж Хос хүрэл медалийн эзэн болсон билээ.
Манай баг тамирчид маргааш АНУ-ыг зорих бөгөөд "Сан-Диего опен" дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Манай сайт ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцсанаа уншигч таньд толилуулж байна.
Сайн байна уу? Өдрийн мэнд дэвшүүлье. ДАШТ-ээс шавь тань дахиад хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
- Сайн. Сайн байна уу? Шавь маань Дэлхийн хошой хүрэл медальтан боллоо. Үнэхээр баяртай байнаа.
- Анхаа маань ээж болоод удаагүй хоёр ч том тэмцээнд оролцлоо.
- Ээж болоод 3 сар гарантай л бэлтгэлдээ орсон. зөөлөн хөдлөөд, зөлөн бэлтгэл хийгээд л эхэлсэн. Багш болсоноос хойш анх удаа л ЭЭЖ болсон хүнтэй л бэлтгэл хийж үзлээ. Мэдэхгүй чадахгүй зүйл их байлаа. Хоёулаа хоорондоо ярилцаж байгаад л "Өнөөдрийн бэлтгэл ийм байлаа. маргааш ингэж бэлтгэл хийнэ" гэж байгаад л тэмцээнд орлоо. Азийн аварга, дэлхийн аваргад хоёуланд нь амжилттай оролцож медаль авлаа. Энэ хоёр тэмцээн маань олимпийн өндөр оноо өгдөг учраас чухал ач холбогдолтой тэмцээн байлаа.
- Анахэймийн ДАШТ, Паттаягийн ДАШТ-ий хооронд манай тамирчдын ур чадвар хэр өсөв.
- Анахэймээс - Паттая хүртэл 2 жилийн хугацаанд шавь нар маань олон медаль хүртлээ. Э.Билэгсайхан, Г.Ануужин нар Дэлхийн цомын аварга боллоо. Азийн аваргаас медаль авлаа. Г.Энэрэл өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль авлаа. О.Дархижав маань Залуучуудын ДАШТ-ээс анхны хүрэл медаль хүртлээ. М.Анхцэцэг маань Насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хоёрдахь хүрэл медаль хүртлээ. 2019 он бол Монголын Хүндийн өргөлтийн спортын хувьд сонин содон жил болж байна. Өсвөр, Залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын тэмцээнээс шавь нар минь медаль хүртсэн нь ур чадвар нь хэр өссөний илрэл юм болов уу.
- Саяхан зардал мөнгөний асуудал тун хүнд байгаа тухай хэлж байсан. Асуудлаа хэрхэн, яаж шийдэв.
- Зардал мөнгөний асуудал тун хүнд байсан. Онгоцны билетээ авсан байсан боловч хоол, байрны мөнгө шийдэгдээгүй байлаа. Учир нь БСШУСЯ-наас багш нарын цалин нэмэх гэж байгаа гээд Сангийн яамнаас төсөв мөнгийг нь татсан юм байна лээ. Ер нь боловсрол, спорт хоёроо ялгаж, салгах хэрэгтэй байна. Тэмцээнд оролцох гэхээр зардал байхгүй, олон пүүс, компаниудын үүд сахидаг ажилтай болоод байна даа. Саяны санхүүжилт дээр БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, манай холбооны ЕНБД Ц.Хасбаатар нар их хөөцөлдөж , их хүчин чармайлт гаргасаны үр дүнд зардал мөнгийг нь шийдэж өгсөн. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нартай ойлголцож хамтран ажилсаны үр дүнд энэ дэлхийн аваргаас хүрэл медаль хүртээд сууж байна.
- Уг нь санхүү хангалттай байсан бол бүх жинд тамирчдаа оролцуулах боломж байсан уу?
- Ер тийм боломжтой байсан. Гэхдээ дэлхийн хүндийн өргөлтийн холбоо Цензур тавьсан. Жишээ нь 49 кг-д оролцох тамирчин 135-аас дээш өргөсөн амжилттай бол ДАШТ-д оролцохыг зөвшөөрсөн. Урьд нь Монголд бүсчилсэн тэмцээнээс шалгарсан тамирчин Улсын аваргад ордог байсан шиг цензур тогтоосон учраас энэ удаад дэлхийн шилдэгүүд Тайландад ирж өрсөлдлөө.
- Маргааш АНУ руу хөлгийн жолоо залах гэж байна? Дэлхийн цомын тэмцээнд оролцохын ач холбогдол?
- Тийм ээ. Маргааш АНУ руу явах гэж байна. АНУ-ын Сан-Диего хотод "Сан-Диего опен" дэлхийн цомын тэмцээн болно. "Сан-Диего опен" тэмцээн Мөнгөн гран при тэмцээн гэж нэрлэгддэг. Олимпийн оноо олгох том тэмцээн учир
Нэгдүгээрт олимпийн оноогоо нэмэх
Хоёрдугаар Дэлхийн цомын тэмцээнээс медаль авах зорилготой.
Мэдүүлгээс харж байхад хятадын тамирчид бүрэн бүрэлдхүүнээрээ очих шинжтэй байна. Жин, жингийн шилдэг 20 тамирчин оролцох учраас том тэмцээн болно.
- Манай багш дасгалжуулагч, тамирчдын цалин 400 000 л байдаг. Улсаас тамирчдаа олимпод оролцуулахын тулд хэр их хангамж өгч байгаа вэ?
- Миний сарын цалин 450 000 төгрөг, тамирчдын маань цалин 380 000 төгрөг шүү дээ. Дараагийн зэрэглэлийн тамирчин 320 000 төгрөг байгаа. Мэдээж энэ мөнгөөр Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд амьдрах хэцүү гэдгийг хүн болгон л ойгож байгаа. тэглээ гээд бид нэг ч удаа цалингаа нэмээчээ гэж хэлж байсангүй, Хэлэх ч үгүй байх. Бидний сэтгэл зүрхэнд зөвхөн "Монгол төрийнхөө дууллыг эгшиглүүлэх, төрийн далбаагаа мандуулах" хүсэл байдаг учраас цалингаа голж, нэг ч удаа гоншигнож байсангүй ээ. БИД
- "Дуртай зовлон" гэдэг шиг, энэ спортод хайртай тулдаа л энэ бүхнийг даван туулаад байна уу?
- 380 000 төгрөг гэдэг бол бага. Би боддог юм. "Ядаж тамирчдын маань цалинг нэг сая болгоод өгвөл мөн ч их нэмэр болно доо" гэж. Яахав уураг, витамины хангалт байна. Жилд нэг удаа бэлтгэлийн хувцасыг нь тараагаад өгж байна. Тэмцээн уралдаанд оролцох зардалыг нь тодорхой хэмжээнд гаргаж өгч байгаа болохоор яаж ийгээд л болгоод байна даа. 2020 оны олимпод зориулсан Тусгай сан гэж байгуулагдсан. Тэр сангаас ганц манайх ч гэлтгүй олон тамирчид, багш нар дэмжлэг хүсэж байгаа даа.Дуртай зовлон гэж үү. Саяхан фэйсбүүк дээр явж байсан "Цалин нь ч үзэгдэхгүй, өөрөө ч гэртээ үзэгдэхгүй хүнийг БАГШ гэнэ" гээд .Өглөө намйан цагт зааландаа ороод орой наймд заалнаасаа гарах юм даа. Хөлс үнэртсэн жижигхэн зааландаа хайртай. Эндээ ороод ирэх сайхан байдаг юм. ЗОВЛОН гэж ойлгохгүй ээ. Өөр өнцгөөс нь "амжилт, аз жаргал, сайхан энерги" гэж боддог. Олон хүүхэдтэй ажиллахаар Багнш хүн ядарч байгаа ч гэсэн сайхан энергий авдаг юм шүү дээ. Ялалт болгоны дараа залуу болоод байгаа юм шиг санагддаг. Бүхнийг туулаад даваад зохицуулах гээд л зүтгээд байна даа.
- Өчигдөр тэмцээн дээр сэтгэлзүйн тулаан нилээн хийх шиг боллоо. Жингээ бага өгөөд, тэгээд нэмээд байсан.
- Тэмцээн дээр мэдээж захиалгын тулаан явна. Тоо бодно. Дараагийн тамирчин яах билээ. "А" группын тамирчид яах билээ гээд давхар давхар тооцоо хийнэ. Энэ дашрамд хэлэхэд нэг багт 3-4 багш ажилладаг юм. Нэг нь тамирчинаа халаана, нэг нь тооцоогоо хийнэ, нөгөө нь эсрэг тамирчнаа ажиглана гээд. Тэр болгоныг ганцаараа хийгээд сурчихаж дээ. Ерөнхийдөө өччигдөр нилээн юм ббодож байж өргөлтүүдээ тооцлоо. Тэрнийхээ үр дүнд медалийн тавцанд гишгэлээ дээ Анхаа маань
- Сүүлчийн асуултыг өөрт тань үлдээе
- Юуны өмнө үргэлж тусалж дэмждэг БСШУСЯ, БТСГ, дарга Ц.Шаравжамц,нарт баярлалаа гэж хэлье. Мөн Хүндийн өргөлтийн спортын төлөө хамтдаа зүтгэж буй бүх хүмүүсдээ, найз нөхөддөө, баярласан талархсанаа илэрхийлж байна. Бид хичээх болно. Бид улам их хичээж олимпоос медаль, бүүр цаашилбал АВАРГА болохын төлөө зүтгэх болноо. Бид бүхнийг үргэлж зүрх сэтгэлээсээ дэмжиж байдаг Монголынхоо ард түмний ачийг Амжилтаараа хариулах болноо гэж хэлмээр байна.
- За баярлалаа. Та бүхэндээ АМЖИЛТ бүхний дээдийг хүсэн ерөөе.
Зочин
2020-09-28
гоё шүү анхаадаа хосоодоо дахин баяр хүргэё
Зочин
2020-09-28
баяр хүргэе