Цаг үеийн мэдээ

ЦЕГ-ын Урдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Цахим орчин нэг талаараа мэдээлэл хүлээж авах, нөгөө талаар бидний ухамсарт хүчтэй нөлөөлж байдаг шүү дээ...

-Гар утас, интернэт хэрэглэж байгаа хүн бүр цахим орчинд хүссэн мэдээллээ нийтлэхдээ бусдын эрхийг ноцтойгоор зөрчдөг. Мөн нэг сүлжээнд үзэж буй хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхдийн эрх хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байна. 

Зураг, бичлэгийг цахим хуудсанд нээлттэйгээр байршуулж, хандалт авахын тулд буруу, зөвийг нь ялгалгүйгээр хүссэн зүйлээ бичих байна. Нийтийн соёл, хандлагыг төлөвшүүлэхэд иргэн бүр хувь нэмэр оруулах нь чухал байна. 

-Сүүлийн жилүүдэд цахим орчны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт хэр байгаа вэ?

-Цахим орчны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр сүүлийн 5 жилийн хугацаанд 30.689 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2024 оны эхний 10 дугаар сарын байдлаар 6.736 бүртгэгдээд байна.

Мөн нийгмийн бухимдал стресс, хүн хоорондын сөрөг харилцаанаас үүдэлтэй гудамж талбай олон нийтийн газарт хэрүүл маргаан зодоон үүсгэх зэрэг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7690 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар өсч, нийт гэмт хэргийн 20.8 хувийг дангаар эзэлж байна.

Манай улсад 5 гэмт хэрэг тутмын 1, 3 зөрчил тутмын 1 нь хувь хүний соёл хандлагаас хамааран үйлдэгдэж байна. 

Иймд гудамж, талбай, олон нийтийн газар иргэд нэг нэгнээ үл хүндэтгэх, бусадтай сөрөг харилцах, танхайрах, бусдын эрхэнд халдах цахим орчинд хүний нэр төр, алдар хүндэд халдах гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үндсэн зорилго, чиглэлтэй юм. “Соёл танаас эхэлнэ” аяныг эхлүүлж байна. 

Энэхүү арга хэмжээний үндсэн зорилго, чиглэлээс гадна Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн хүрээнд 21 насанд хүрээгүй хүнд архи, утаат тамхи худалдаалахгүй байх заалтыг хэрэгжүүлэх, 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 сарын 22-ны өдрийн А/1467 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтрахын зэрэгцээ 16 насанд хүрээгүй хүнд бэлэн гоймон худалдаалахгүй байх тал дээр хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж, иргэд, олон нийтэд зөв ойлголт, мэдээлэл өгөх явдал юм. 

Дээрх хугацаанд 2.898.139 зөрчил бүртгэгдсэнээс Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 1.072 зөрчилд 728 иргэн, 249 хуулийн этгээдийг 1.705.420.000 төгрөгөөр, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 261 зөрчилд 226 хүн, 24 хуулийн этгээдийг 194.850.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн. 

Мөн 15-18 насны 28 хүүхэд, 15-21 насны 130 хүүхэд, залуучууд эрүүлжүүлэгдсэн гэсэн тоон мэдээтэй байна. 

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд болон олон нийтийн харилцаа, хандлагыг эерэгжүүлэх, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлэх зорилгоор “Соёл танаас эхэлнэ” мэдээлэл, нөлөөллийн ажлыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч СиЮ, Жи-Эс 25 компаниудтай хамтран энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1 сарын хугацаатай нийгмийн зорилтод бүлэг болох хүүхэд, залуучуудад чиглэн зохион байгуулж байна.

Таны сурталчилгаа