Тэртээх 2000-аад он. Охидын хамтлаг ид эрчээ авч байсан энэ л үед өөрсдийн орон зайгаа чимээтэйхэн тунхаглан гарч ирсэн хамтлаг бол "Уруулын будаг". Энэ хамтлаг байгуулагдах болсон түүх их сонин. Мэргэжлийн хөгжмийн ангийн таван охиныг нийлүүлж хамтлаг байгуулах санаа анх сэтгүүлч Ш.Гүрбазарт төрсөн гэдэг. Улмаар мань хүн ая зохиогч Б.Долгионд уг санаагаа хэлж л дээ. Б.Долгионы хувьд өмнө нэг хамтлаг дээр дагнан продюсерын ажлыг хийж байгаагүй учраас их л сонирхолтой санагдсан гэдэг. Охид ч хамтлагийнхаа нэрийг "Lipstick" гээд л цоглог хэлж байна гэнэ. Тэгэхээр нь хашир продюсер "англиар ч хэрэггүй дээ, эмэгтэй хүний жирийн нэг хэрэглээний зүйл шиг сонсогдоно. Харин монголоор "Уруулын будаг" гэвэл манайханд хамтлагийн нэрний хувьд хачин содон сонсогдож анхаарлыг нь татна" гэж. Ийнхүү торгон мэдрэмжтэй продюсерын ивээл дор "Уруулын будаг" хамтлаг роk поп гэр бүлд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн түүхтэй. Гэхдээ аливаа зүйл мөнх байдаггүйн жамаар охид амьдралын мөрөө хөөн тарж одоод олон жилийн нүүрийг үзэж байна. Сонирхуулахад Ичко /Г.Ичинхорлоо/ БСШУС-ын яаманд урлагтай холбоотой хариуцлагатай алба хашиж, Гэгээнээ /М.Гэрэлтуяа/ амжилттай бизнесвумэн болж, Энжи /Энхжаргал/ Шинэ үе сургуульд багшилснаар шавь нар нь "Universe Best Songs" тэмцээнд гарамгай амжилт гаргаж Ц.Дэлгэрмаа,С.Ганчимэг хоер гадаадад амьдардаг байна. Тэгвэл "Хүрээ хүүхнүүд", "Чамгүйгээр" зэрэг уг хамтлагийн хитийн дуунуудын ахин сонсож, хамтлагийн "охидыг" ахин харах боломж бүрдэж байгааг энд дуулгая. Учир нь МУУГЗ ая зохиогч Б.Долгионы бие даасан тоглолт 11 сарын 9,10-ны өдрүүдэд болох бөгөөд уг тоглолтод "Уруулын будаг"-ийн охид бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч түүнд бэлэг барихаар болжээ.