Монголын дайчин нэрээр Европ болон дэлхийд алдар цуугаа мандуулсан WBC холбооны мөнгөн аварга, WBU,WBF холбооны аварга МУГТ Чойжилжавын Цэвээнпүрэвтэй "Mongolian Warrior" (36-7-1) ярилцлаа.
Өдрийн мэнд. Бэлтгэлээ эрчтэй хийсээр байна. Ойрд тулаантай билүү?
- Японд KO 1 тулаан хийх бодол байгаа. Яригдаж байна.
50 хүртлээ тулалдах зорилго нь хэвээрээ юу?
- 50 нас хүрэхэд нэг жилийн зөрүү байна. Бэлтгэлээ хийж байгаа.
Ингэхэд аварга маань хэзээнээс боксоор хичээллэж эхлэв? Анхны багш нь хэн билээ?
- МУГД Оюунболд багштай Төмөр замын депогийн заалыг янзлаад Рингээ зоогоод, мишокгуудаа хананд хадаад ЧИНГИС мэргэжлийн боксын клубээ байгуулаад эхэлж байхад 22 настай байлаа. Энэ бол 1992 оны намар байв. 1993 оны нэгдүгээр сард УАШТ-ий анхныхаа хүрэл медалийг 54 кг-ын жинд аваад Р.Отгонбаяр ахаас урмын үгээр шагнуулж давхар баярлаж байв. 1993 он бол спортын хуьд хүнд жил байсан. 1994 онд Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хороонд тамирчин болоод Ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалах тангараг өргөж байлаа. Энэ бол 1994 он. 1996 онд мэргэжлийн боксын Дэлхийн аварга Д.Лхагватай бэлтгэл хангагчаар Солонгост гарч, анхны тулаанаа хийж, наймдугаар раундад ялж байв. Түүнээс хойш олон жил өнгөрч, олон ч оронд тулаан хийж, ялж, ялагдаж явлаа. 1998-1999 оны хооронд Тайланд улсад амьдарч, ялж, ялагдаж байсан.
Англид олон жил тоглосон.
- 2000 oнд Их Британид очсон. үүнээс хойш баруун Европт амьдарч, тулалдаж байгаад "Mongolian Warrior" гэж цоллуулж, ялж, омогшиж, Дэлхийн гурван холбооны аваргын бүстэй бас Британы мастер аварга олон улсын бүсийгүүдийг хүртэж байлаа.
Та “Монгол дайчин” гэсэн брэндтэй болсон билүү?
- Миний рингний нэр "Mongolian Warrior". Энэ бол миний бахархал бас брэндийн эрх, тулааны хэрэгсэл, спорт хувцас хийх эрх. Одоогоор үйлдвэрлэл түр зогссон байгаа.
“Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн нь эргэлзээгүй үнэн гэдгийг энэ залуу баталлаа” гэу англичууд таныг үнэлж байсан байхаа
- Чингис хаан Монголчууд үнэхээр дэлхийн талыг эзэлсэн нь үнэн байна гэдгийг "Энэ шавилхан залуу, манай шилдэг аваргыг хүүхэд шиг зодлоо" гэж сайтад бичсэн байсаныг хүмүүс уншиж өгч байсан, бас баяр хүргэж байв. энэ бол бахархал байлаа. английн хотуудаас болон Европын хотуудаас захиа ирдэг болсон. Гарын үсэг, зургаа явуулаач гэж. Алдарт Костя Цю хүртэл баяр хүргэж байв. Орос аав, солонгос ээжтэй Мөн Халимагын алдарт Бату Хасиков баяр хүргэж байв.
Монгол гэхээр Англичууд хэр зэрэг хүлээж авдаг вэ?
- Aнгличууд ер нь бидний тухай ойлголт бага. Миний тухай мэддэг болсон, телевизээр Монголын түүхийн тухай, миний тэмцээний тухай нэвтрүүлэг гарч эхэлсэн. Гайхсан нөхдүүд их байдаг байлаа. Эсгий гэрт халуун цайгаа уугаад суудаг хүүхэд хаана бокс сураав гээд л. Таг хөдөөнөөс амьтан шиг л гайхна. Танидаг хүмүүс чих болсон, энд тэнд хүүхдийн тэмцээн, уулзалт гээд арга хэмжээнд уригддаг болсон. Мөн хөлбөмбөг үзэж баг дэмждэг болов. Гэхдээ би хөлбөмбөгийн фанат биш л дээ. Тоглоом хийгээд "Mongolian United" бол хамгийн шилдэг баг гэхээр Англичууд гайхаад татаж унана. Ёстой сонсоогүй баг байна гээд.
Тулаан, монгол ухаан хоёрт мөн чанарын ямар нэгэн холбоо байдаг уу?
- Mэргэжлийн тулаан бол Монгол дайчдын цэвэр байлдааны тактик байдаг. Оноо гол нь биш, хүчтэй цохилт ба тулааны арга барил юм.
Токиогийн олимпод манайхан хэр зэрэг оролцох бол?
- Toкиогийн олимп бол боксёруудын хувьд том шалгуур болно. Д.Отгондалай мэргэжилд гарчихлаа. Залгамж халаа юу байна гэдгийн бодох ёстой. Бас шигшээд байсан сайн тамирчин мэргэжилд гарчихлаа. Сайн тамирчид нь гараад байвал юу болох юм бэ? Энэ үе үеийн аварга боксёрууд бүгд л надтай хамт бэлтгэл, сургуулилт хийж явлаа. Би чадах чинээгээрээ тусалж явлаа. Mэргэжлийн бокс, тулаан гэж адил утгатай тулааны спорт. Н.Төгсцогт, Ж.Нарантунгалаг хоёр бол яах аргагүй мэргэжлийн аваргууд. Бас араас нь зөндөө аварга тулаанчид гарах нь дамжиггүй. Монголын залуучууд "Эвтэй бөгөөд Хүчтэй" байх хэрэгтэй. Аугаа харилцаа ХҮНДЛЭЛ дээр тогтдог гэж би ойлгодог. тулаанчид маань ёс зүйтэй , ухамсартай байдаг. Тэд зөвхөн Эх орноо хамгаалах, эгэд ардаа хамгаалах л үүрэгтэй. Ямар амжилттай ирэхийг нь бол би сайн мэдэхгүй юм байна.
Боксын сургуулийн ажил нь хэр зэрэг амжилттай яваа билээ
- Боксын сургуулийн хувьд судалгааны шатандаа л явж байна. Ганц бокс гэлтгүй бүх тулааны төрлийн нэгдсэн сургууль байгуулах хүсэлтэй. Хүүхдүүдийг бие бялдарын болон оюуны өндөр чадамжтай өөртөө итгэлтэй, Эх оронч үзэлтэй, шударга, зарчимч болгох нь миний зорилт. Аварга болохоосоо өмнө ХҮН богон хүмүүжүүлэх нь чухал.
Бокс танд юу өгсөн бэ?
- Бокс надад маш оолон юм өглөө. Олон сайхан ачит багш нарыг минь өгөв. аав, ээж ачит багш, ахмад буурлуудаа хайрлахыг өглөө. Ард түмэн,эх орноо хайрлан хамгаалах аугаа их хүмүүжлийг ойлгууллаа.
Энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд зориулж хэдэн үг хэлээч
- Чингис хаан тулаанч байсан. 1989 он Инжинашийн Хөх сударт улсынх түүх дотор бий. Биеээр хийхээс гадна уншиж судлах нь их чухал шүү. тулаанч хүн даруу занг эрхэмлэж, чих зөөлөн явах нь их чухал. Онгироо сагсуу зан хүнийг гутаадгыг үргэлж санаж явууштай. Ард олон дундаа номхон бяруу шиг яв. Алалцах дайсанд арслан, бар мэт байгтун. Баярлалаа. Та бүхнийг минь Мөнх хөх тэнгэр ивээг. Номын цагаан буян үүрд орших болтугай.