Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд 2016 оноос хойш улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар багагүй ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний ачаалал жилд дунджаар 7.8 хувиар, хэрэглэгчдийн тоо жилд дунджаар 7.7 хувь буюу жилд 23.4 мянгаар өссөн. Энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар манай компани нийт 388,122 хэрэглэгчтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй байгаагийн 41.2 хувь нь гэр хорооллын хэрэглэгчид байна.
Гэр хорооллын хэрэглэгчдэд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг бол Засгийн газар, Эрчим хүчний яамнаас санаачлан хэрэгжүүлж буй нийслэлийн агаарын чанарын бүсэд байрлах айл өрхүүдийн халаалтыг цахилгаанаар шийдэх техникийн боломжийг бий болгох төсөл юм. Өнгөрсөн 2017 оноос эхэлсэн энэхүү төслийн хүрээнд 110 кВ, 35/10 кВ-ын дэд өртөө тус бүр 1, хуваарилах байгууламж 2, 10/0.4 кВ-ын 246 дэд өртөөнүүдийг шинээр барих, 152 дэд өртөөний чадлыг томсгох, 136.45 км цахилгаан дамжуулах шугам барьж татах, 41 шугамын ачааллыг хөнгөлөх, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, автомат таслуур бүхий 35 реклоузерын пунктыг шинээр суурилуулах, 138 дэд өртөөний 0.4 кВ-ын агаарын шугамыг шинэчлэх, 19206 өрхийн оруулгын утсыг бүрэн шинэчлэх, 398 дэд өртөөний хуваарилах самбарын буултын кабелийн нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, газарт байрласан 2825 хуваарилах самбарыг тулгуурт байрлуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдсэн. Үр дүнд нь Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн гэр хорооллын нийт 45 хороонын 41964 өрх цахилгаанаар 100 хувь халаалтаа шийдэх боломж бүрдээд байна.