ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙГ ӨРГӨӨ ГЭРТЭЙ БОЛГОЛОО
Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар мото буудлагын батальоны бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгээд ирсэн билээ. Уг бие бүрэлдэхүүн жил бүр хуримтлал үүсгэж, мөр зэрэгцэн ажиллаж, алба хааж буй хэн нэгэндээ тусладаг байна. Тэгвэл эдгээр хамт олон энэ удаад нэгэн өрх толгойлсон эмэгтэйд туслахаар шийджээ. Тодруулбал News.mn сайтын дугаарт дөрвөн хүүхдийн хамт амьдардаг эмэгтэй осгохгүйн тулд шалаа түлж амьдарч буй талаар мэдээллэсэн юм. Тэд энэ мэдээллийн дагуу уг айлыг судалж үзээд таван ханатай, шалтай өргөө цагаан гэр бэлэглэж байгаа аж.
Гэр бүлийн хүн нь өнгөрч, хадам ээждээ хөөгдөн айл айлын хашаа дамжиж амьдардаг байсан Д.Цэцэгбадамд шинэ гэрийг нь хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд “Таван толгой түлш” компаний хамт олон мөн оролцжээ. Тэд өргөө цагаан гэрийг нь мялааж Д.Цэцэгбадамд төслийн шинэ зуух болон сайжруулсан түлш өгсөн байна. Тус шинэ зуухыг Нарантуул зах дээр зуух хийж зардаг наймаачид хамтран зөвхөн сайжруулсан түлшинд зориулан хийсэн гэдгээ хэлж байсан юм.
Ийнхүү улс эх орныхоо нэрийн өмнөөс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн дайчид сайн үйлсийн аянд нэгдсэн нь талархууштай явдал байлаа.