Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн аравдугаар сарын 18-20-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо.
Долоо дахь удаагийн тэмцээнд 14 орны 250 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Төмөрбаатарын удирдлага дор гурван тамирчин хүч үзсэнээс 125 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой хүрэл, Дан Колов, Динмухамед Кунаев, Дмитрий Коркин, Pune Mayor’s, Буриадын Ерөнхийлөгчийн ОУТ-ий медальт, “Монголиа Опен” ОУТ болон улсын гурван удаагийн аварга үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Кемеровогийн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Остап Пасенокыг 4:3-аар, шөвгийн наймд Красноярскийн Артур Сайфуллинийг 10:0-ээр, хагас шигшээд Украины Данило Картавайг 2:0-ээр тус тус ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд долоо хоногийн өмнө Дмитрий Коркиний ОУТ-д дийлдсэн Павел Кривцовтой нутгийн дэвжээн дээр нь дахин хүч үзэж 0:4-өөр ялагдав.
Н.Золбоо 2014 онд тус тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү “Шахтерская Слава”-гийн хошой медальтан болж байна. Манай бусад бөхчүүдээс 57 кг-д спортын мастер С.Нямдаваа Сахагийн Петр Константиновт, 65 кг-д спортын мастер Б.Буд эзэн орны Михаил Нарышевт ялагдсан.
Сонирхуулахад, тус тэмцээний аварга 100, мөнгө 60, хүрэл 30 мянган рублийн эзэн болжээ.
ЭХ СУРВАЛЖ: Mongolian Wrestling Federation