Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын  санаачилгаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт 150 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. 

    Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улсын Их хурлаас Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжин, эрхзүйн таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Жижиг, дунд үйллвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг эзэндээ очдог болгосон гээд энэ хуулийн үр өгөөж их бий. Мөн Татварын багц хууль батлагдсан.  Салбар хамаарахгүйгээр 1 хувийн татвар төлдөг болсон нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн хөнгөлөлттэй нөхцөл үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Цаашид жил болгоны Төсвийн тухай хууль хэлэлцэж эхлэхээс өмнө буюу 10-р сард жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй УИХ-аас уулзах ажлыг уламжлал болгон зохион байгуулж байхыг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгосон юм. Мөн тэрбээр оролцогчдын зарим нэг асуултад хариулт өгсөн юм. Үүндээ, Мэргэжлийн нэгдсэн холбоодын тухай хуулийн төслийн асуудлаар байнгын хорооны нээлттэй сонсгол хийх чиглэл өгсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 11 сарын 15-аас хойш хэлэлцэж эхлэх бөгөөд эдгээр хуулиудад саналаа нэгтгэж өгөхийг хүссэн юм. Мөн энэхүү хэлэлцүүлэгт гарсан санал зөвлөмжөө нэгтгэж өгөх нь УИХ-аас гарах бусад шийдвэрт чухал шаардлагатай болохыг онцоллоо. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ, ХХААХҮЯ, ХНХЯ, Татварын ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сангаас төлөөллүүд оролцсон юм. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асууж, хариулт авсан юм.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрч эхэлсэнд баяртай байгаагаа хэлэлцүүлэгт  оролцсон үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байлаа.  Харин хүний нөөц, боловсон хүчний асуудал тулгамдаж байна гэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллах сонирхолтой залуус цөөн, ихэнх нь төрийн алба, эсвэл гадаад улсад  гарч ажиллах сонирхолтой, 700-1.0 сая төгрөгийн цалинтай ажлын байран дээр залуучууд ирж ажиллахгүй байгаа  тухай ярилаа. Төрөөс МСҮТ-үүд, түүнд суралцагчдыг дэмжиж тэтгэмж өгч байгаа ч өөрчлөлт гарахгүй байна. Иймээс МСҮТ-д суралцаж байгаа суралцагчидтай төгсөөд ажиллах нөхцлийн тухай гэрээ хийх, зөвхөн төрийн алба биш ажилчин эгнээгээ мөн дэмжих хэрэгтэй байгаа тухай ихэнх хүмүүс санал хэлж байсан юм. Үүн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ямар бодлого барьж байгаа тухай асуулт асууж, анхаарч ажиллахыг хүслээ. 

 

    Мөн Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал Татварын багц хуультай холбоотой мэдээллүүдийг өгч, асуултад хариулсан юм. Татварын ерөнхий газар цахим хэлбэрт шилжиж байгаа учир цаастай холбоотой чирэгдэл, хүнд суртал бүрэн арилсан.  Аж ахуй нэгжүүд тайлангаа цахимаар тайлагнаж хэвшиж байгааг дурдаж байлаа. Мөн шинэ хуулиар татварын урамшууллыг жилд 4 удаа олгодог болсон нь үйлдвэрлэл, эрхлэгчдийг дэмжиж буй томоохон шинэлчлэл гэдгийг онцолж байсан юм. 

    

Хэлэлцүүлгийн төгсгөлд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” –ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр УИХ-ын дарга Г.Занданшатар баялаг бүтээгчдийг дэмжиж  жил бүр жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж байхаар болсонд талархал илэрхийлсэн юм. Төрөөс боловсон хүчний асуудалд онцгой анхаарахгүй бол цаашид Монгол улс боловсон хүчний хомсдолд орох аюул байгааг хэлэлцүүлгийн төгсгөлд сануулж байсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

Таны сурталчилгаа