БНХАУ-ын Ухань хотод болж буй Дэлхийн цэргийн VII спортын наадамд Монгол Улсын БХЯ-ны харьяа "Алдар" спорт хорооны баг тамирчид оролцож байна. Цэргийн наадамд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан нийт 82 тамирчин оролцох бөгөөд нийт 109 орны 9300 гаруй тамирчин оролцож байгаа юм.
Тус наадамд оролцож буй Монголын багийн анхны медалийг жүдо бөхийн тамирчид хүртжээ. Тодруулбал: -60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Ази, Номхон далайн орнуудын АШТ болон Загребын Гран При тэмцээний хүрэл медальт ОУХМ Э.Ариунболд, 66 кг-д оюутны Универсиад наадмын мөнгөн медальт ОУХМ Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртсэн байна.
Дэлхийн цэргийн спортын VII наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр багийн төрлөөр үргэлжилнэ. Баг тамирчиддаа амжилт хүсье!