2019 оны 10 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд БНФУ-ын Парис хотод болсон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын ээлжит хурлаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын талаар Монгол Улсын сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан ахиц дэвшлийн талаар хэлэлцээд хяналтад байх орнуудын жагсаалтад оруулах шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголбанк"-ны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн нарыг дуудаж уулзан ажлаа өгөхийг шаарджээ. Учир нь УИХ-аас "Монголбанк"-ны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг томилох болон чөлөөлөх эрхтэй бөгөөд нэр дэвшүүлэх, огцруулах, чөлөөлөх саналыг УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг юм байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Монгол Улс бол саарал жагсаалтад орсон 12 оронтой харьцуулахад дайн дажингүй, зэр зэвсэг наймалдаггүй улс орон. Нийгэм, эдийн засгийн байдал сайжирч байхад саарал жагсаалтад орсон нь албан тушаалтнууд ажлаа хийж чадаагүйтэй шууд холбоотой. Монгол банкны ажилд ахиц дэвшил байгаа боловч өнөөдрийн нийгэм, улс төр, банк санхүүгийн орчин итгэл хүлээлгэхүйц орчин нөхцлийг бүрдүүлэхгүй байна
Саарал жагсаалтад орсон асуудалтай холбоотойгоор албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцох асуудлыг УИХ-д оруулахаа мэдэгдэж байна" гэсэн байна.