“Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хүнсний хаягдал тос ашиглан дулаан гаргах шинэлэг технологи буюу “Флинт зуух” төслийг БНСУ-ын койка, флинт компани хамтран хэрэгжүүлсэн байна.
Флинт зуух нь хүнсний хаягдал тос буюу амьтан ургамлын гаралтай тосыг түлш болгон ашиглан дулаан гаргаж авдаг байна. Нүүрс, сайжруулсан түлш, модыг ашиглахгүйгээр хоол унд хийх, гэр орон сууцаа халааж, дулааны асуудлаа бүрэн шийдэх боломж бүхий дэвшилтэт технологиор манай улсын цаг уурын нөхцөл байдалд нийцүүлэн бүтээжээ. Флинт био зуух 13 литрийн хаягдал тос хийх багтаамж бүхий савтай. Уг савны хэмжээг томруулж ажиллах цагийг уртасгаж болно. 13 литр тосоор 20 орчим цаг ажиллах бөгөөд сард 5,000 төгрөгийн тог зарцуулна. Хаягдал тосоо эхлээд тогоор халааж, дараа нь асаах товчлуур дарахад халаалтын зарчмаар зуух маань өөрөө ажиллах юм байна.
Өөрөөр хэлбэл зуухны дотор талд байгаа сэнс нь галыг өрдөх маягаар маш нарийн технологиор тосыг өндөр темпратурт халах хэмжээнд хүргэдэг байна. Монгол улс уламжлалт мал аж ахуй эрхэлдэг учраас маш их хэмжээний тос хаягддаг бөгөөд энэ нь байгаль орчин, хөрс усанд хортой байдаг. Энэхүү хаягдал тосоор халдаг зуух нь агаарын бохирдлыг 90 хувиар бууруулах боломжтой. Учир нь ямарваа нэгэн үнс тоос, хаягдал гарахгүй, хүний нүдэнд үзэгдэх хий гарахгүй учраас агаарын бохирдлын эсрэг хамгийн тохиромжтой технологи гэж үзэж байна. Мөн хүрээлэн буй орчин, эдийн засагт хэмнэлт бий болгож, эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгээр онцлогтой байна. Хаягдал тос ашиглаж дулаан гаргах “флинт” зуухыг эхний ээлжинд 80 өрхөд турших аж.