Монголын Тусгай олимпийн хороотой хамтран Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэг, Биеийн тамирын спортын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг үндэслэн оюуны бэрхшээлтэй сурагчдын бие бялдрыг дасгал хөдөлгөөнөөр нөхөн сэргээх, чийрэгжүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх, олон нийтийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Спорт бидний бахархал” сэдэвт өдөрлөг, сургалтыг 2019.10.22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Өдөрлөг, сургалтын хүрээнд Монголын Хөл бөмбөгийн холбоо, Монголын Ширээний теннисний холбоотой хамтран 25, 55, 63, 70 дугаар сургуулийн сурагчдын дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулсан бол өдөрлөгийн 2 дахь хэсэг болох сургалт, семинар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд өнөөдөр эхэллээ.
Уг арга хэмжээнд БСШУСЯ, НХХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн газар, Монголын Үндэсний Паралимпийн хороо, Монголын Тусгай олимпийн хороо, Монголын Дауны холбоо, Монголын Аутизмийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоод болон бусад байгууллагын төлөөлөл бүхий холбогдох ажилтнууд хамрагдан зохих мэдлэг, мэдээллийг авах болно.
Мөн оролцогч бүрт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тухай” сэдэвт гарын авлага тараана.