Зуны Олимпийн ХХХII наадам эхлэхэд ердөө хэдхэн сарын хугацаа үлдлээ. Японы Токио хотноо болох энэ наадамд 206 орны 11 мянга 096 гаруй тамирчин, 33 спортын 50 зай төрөлд 339 цогц медалийн төлөө 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд өрсөлдөх юм.
“Токио-2020” Олимпийн наадамд зориулан “ТАВАН ЦАГАРИГ” сонин “Токио хүрэх зам” цувралыг спорт сонирхогчиддоо толилуулахаар, эхний цувралаар Зуны XXXII Олимпийн наадамд Монголын тамирчид спортын хэдэн төрлөөр олимпийн эрх авах боломжтой, мөн олимпийн эрхийг хэрхэн авах журмын тухай танилцуулахаар шийдлээ.
Манай Монголын баг тамирчид Зуны олимпийн наадамд хамгийн анх 1964 онд Токио хотноо зохиогдсон ХVIII наадамд 21 тамирчинтай, спортын 5 төрлөөр оролцож эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 1984 оны Лос -Анжелесийн олимпийн наадмаас бусад бүх олимпод манай баг, тамирчид оролцож, 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медалийг эх орондоо авчирсан.
Манай тамирчид чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын спортоор медаль авч байсан бөгөөд нийтдээ хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастик, байт харваа, хүндийг өргөлт, усанд сэлэлт, тэквондо гээд 11 спортоор Зуны олимпийн наадамд тамирчдаа оролцуулж байв.
“Москва-1980”, “Рио-2016” Олимпод Монголын баг хамгийн олон бүрэлдэхүүнтэй буюу 43 тамирчинтай оролцсон юм. Тэгвэл “Токио-2020” -д Монголын хэдэн тамирчин оролцох бол?
ЖҮДО:
Монголын жүдочид 1972 оны Мюнхений Олимпоос эхлэн тасралтгүй оролцож ирсэн. Өнөөдрийн байдлаар манайхаас хамгийн олон тамирчин оролцох боломжтой төдийгүй хамгийн өндөр амжилт гаргах магадлалтай спорт бол жүдо гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Олон улсын жүдо бөхийн холбооны Олимпийн эрх олгох журам хамгийн оновчтой, хамгийн шударга зарчимтай гэхэд болно. Олимпийн эрхийг дөрвөн жилийн турш уралдаан тэмцээнд оролцож цуглуулсан онооны чансаагаар олгодог.
Олимпийн наадамд эрэгтэйчүүд 60 , 66, 73, 81, 90, -100 болон +100 кг-ийн долоон жинд, эмэгтэйчүүд 48, 52, 57, 63, 70, -78, +78 кг-ийн долоон жинд , нийтдээ 386 жүдоч өрсөлдөнө. Мөн холимог багийн төрөл бий.
IJF буюу ОУЖБХ-ний 2020 оны тавдугаар сарын 25-нд гаргах чансаагаар жин тус бүртээ эхний 18-д багтсан тамирчид Олимпийн эрхээ шууд “өвөртлөнө”. Гэхдээ нэг жинд нэг улсаас нэг л тамирчин оролцох ёстой.
Хэрэв чансааны эхний 18-д нэг улсаас хоёр болон түүнээс дээш тамирчин багтсан байвал дараагийн байраас огших журмаар явна.
Мөн тивүүд тодорхой квот буюу эрхийн заалттай. Тухайлбал эрэгтэйд Европт 13, Африкт 10, Азид 10, Америк тивд 10, Далайн орнуудад 5, эмэгтэйд Европт 12, Африк, Азид тус бүр 10, Америк тивд 11, Далайн орнуудад 5 .
Жин тус бүрт чансааны эхний 18-д дээрх тивүүдийн төлөөлөл багтаагүй байвал нэмж оруулна гэсэн үг.
Яг өнөөдрийн чансаагаар бол манайхаас эрэгтэйчүүд зургаан (90 кг-аас бусад жинд эрх авахаар , 81 кг-д бол тивийн квотоор оролцохоор) жинд, эмэгтэйчүүд 48, 52, 57, 63 кг-ийн дөрвөн жинд эрх авахаар байна. Ер нь ирэх таван сард гаргах чансаагаар ч энэ багцаа нэг их алдагдахгүй байх. Тэгэхээр Монголын 10-12 жүдоч Токиогийн татамид гарах боломж байна. Эрхийг хувь тамирчинд бус улсад олгох бөгөөд яг олимпод хэнийг оролцуулахаа тухайн улс өөрөө шийдэх учиртай.
Мөн манай жүдочид холимог багийн төрөлд (эр 3, эм 3 ) оролцох боломжтой.
“Таван цагариг”-ийн АНУ
дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин