Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байгаа билээ.
Томуугийн дархлаажуулалт хэзээ дуусах талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодруулахад "Энэ сарын 17-ны өдөр дархлаажуулалтын 10 хоног дууссан ч улирлын томуугийн дархлаажуулалт нь явагдсаар байна.
Дархлаажуулалтад хамруулах ёстой хүмүүсийн дийлэнх хувийг эхний ээлжид ирсэн вакцинаар хамруулж дуусаж байна. Арваннэгдүгээр сард дараагийн ээлжийн вакцин ирэхээр ч дархлаажуулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.
Энэ жилийн хувьд томуугийн өвчлөлд ихэвчлэн өртдөг цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулж байгаа юм.
Тиймээс цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, гэртээ байдаг хүүхдүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, дархлаажуулалтад хамрагдах боломжтой" гэлээ.