Цаг үеийн мэдээ

"УБ ММС ЭНЕРЖИ" баг аравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд ЖЭЖҮ арал дээр ДЭЛХИЙН ГРАНПРИ-гийн анхны түрүүгээ аван сагсан бөмбөг сонирхогч Монгол түмнээ баярлуулсан билээ. Багийн спортоор Монгол хүн, Монголын баг ийм өндөр амжилт гаргаж буй нь бахархалтай. Тэд энэ улирлын сүүлчийн тэмцээн болох Саудын Арабын Жеддах хотноо болох Их дуулга тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Манай залуус Токиогийн олимпийн эрх авахын тулд маш их хөдөлмөрлөж байна. Үнэхээр гайхалтай.

Сайн байна уу? Энэ улирлын сүүлчийн тэмцээндээ ороод ирлээ. Саудын Арабт манай баг хэрхэн тоглов.

- Энэ сард Саудын Арабын Жиддах хотноо болсон тэмцээнд манай баг амжилттай оролцоод ирлээ. Энэ жилийн хамгийн сүүлчийн "World Tur" тэмцээнд зооноосоо гараад зургаадугаар байр эзэлсэн. Хэсэгтэй Литвийн "Сакай" багтай, мөн "Архангай Тайхар" багтай нэг хэсэгт орсон. Уур амьсгал маш халуун, хуурай байсан.

Манай хоёр хоорондоо учраа таарсан. Багийн спортоор Монголчууд амжилт гаргана гэдэг их хол сонсогддог байж билээ. Одоо дэлхийн тавцанд хоорондоо тоглодог болжээ.

- Урьдчилсан шатнаас гарч ирсэн "Архангай Тайхар" багтайгаа нэг хэсэгт орсон. Бидэнтэй хамт мэргэжлийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа баг. Аль аль нь хожихын төлөө тоглосон, цаг сунгаад, хүнд тоглолт болсон.

Жэжүд Манай залуус анх удаа Гран при тэмцээнд түрүүллээ. Хэдэн тэмцээнд оролцож байж энэ амжилтанд хүрэв

- Өнгөрсөн есдүгээр сард болсон Жэжүгийн Гран При тэмцээнд орж түрүүлсэн. Тэр тэмцээнд маш хүчтэй багууд оролцсон. Америкийн "Харлем", Словений "Пиран" зэрэг. Бид нар 2017 оноос хойш Гран при тэмцээнүүдэд оролцож 3. 4-р байр л эзэлж байсан. Харин хамгийн оргил амжилтаа Жэжүгийн Гран при тэмцээнд үзүүлж түрүүлсэндээ баяртай байна.

Манай баг дэлхийн чансаанд 4 бичигдэж эхэллээ. Гол зорилго мэдээж олимп

- Энэ жилийн бидний гол зорилго бол олимпийн эрх авах байсан. Олон оноо цуглуулж, олон тэмцээнд оролцлоо. Энэ зорилгоо давуулан биелүүлсэн амжилттай энэ жилийн 2019 оны тэмцээнээ дуусгалаа. Олимпийн эрхийг арваннэгдүгээр сарын нэгэнд зарлана. Онооны болзолоо бид нар багаараа хангасан. Энэ амжилт бол дан ганц бидний биш, манай хамт олны, Монгол улсын хэмжээнд тоглож буй бүх багуудад хамааралтай. 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн холбооны маш том гэр бүлийн хамтын амжилт юм шүү.

Монголчууд 3x3 сагсан бөмбөгөөр дэлхийд ана мана үздэг боллоо. Ийм хэмжээнд хүрнэ гэж бодож байв уу?

- 3x3 төрлөөр амжилт гаргаад, МОНГОЛ гэдэг 6 үсэгтэй нэрийг дэлхийд дуурсгаж чадсандаа их бахархдаг. 3x3 сагсан бөмбөгийн төрөл бол манай баг, Монгол хүнд их таарсан спорт юм шиг санагддаг. Яагаад гэхээр хүч болон арга мэх, богино зайн мэдрэмж, авхаалж самбаа, овсгоо маш их шаарддаг, энэ нь монгол хүний унаган заяасан зан төрх юм шиг надад санагддаг. Анх мэргэжлийн тэмцээнд ороод, хожиж, хожигдоод их зүйл суралцаж эхэлсэн. Төсөөлж байснаасаа илүү бид нарт илүү их боломж байгаа юм байна, бусад багуудтай ана мана тоглох боломж байгаа гэдгээ мэдэрсэн. Хожил аваад, ахиж дэвжээд ирэх бүрдээ хожлын төлөө, илүү их амжилтын төлөө өөрсдийгөө дайчилж, хамтдаа зүтгэж эхэлсэн дээ.

Энэ амжилтанд хүрэхэд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байх?

- Мэдээж олон хүний хөлс, хөдөлмөр шингэсэн. Бидний ар гэр, тусалж дэмждэг ах, эгч нар, MCS групп, Энержи Резүрс компани, 3x3 холбооны хамт олон, манай холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, манай ерөнхий дасгалжуулагч С.Тулга ах маань байна. Энэ хүн 3x3 сагсан бөмбөгийг Монголд хөгжүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэж, хөгжүүлж чадсан хүн. Мөн "Цу-Эрдэнэ" эмнэлэг, манай сэтгэл зүйч гээд маш олон хүнийг нэрлэмээр байна.

Э.Цэрэнбаатар маань анх хэзээнээс сагсан бөмбөг тоглож эхлэв. Анх яаж энэ спортыг сонгов.

- Анх 12 настайдаа бусад хүүхдүүдийн адил гадаа гудамжинд сагс тоглож эхэлсэн. Тэгээд 2006 онд Спрайт  3x3  тэмцээн Төв талбайд болоход тэнд оролцож Улсын хэмжээнд анх удаа түрүүлж байлаа. Миний спортын амжилт ер нь  3x3  төрлөөр эхэлсэн. тэгээд дунд нь  5x5 төрлөөр тоглож байгаад  3x3 төрлөөрөө дагнаж тоглож байна. 3x3  төрөл бол миний амьдралтай салшгүй холбоотой.

Монголоос болон Гадаадаас шүтдэг, даган дууриадаг тоглогч

Энэ хугацаан дах хамгийн дурсамжтай, бас хамгийн харамсалтай тоглолт

- Хамгийн дурсамжтай гэвэл 2017 оны Азийн аваргын тэмцээн. Эх орондоо болсон тэмцээнд үзэгчид, эх орон нэгтнүүдийнхээ өмнө Австралийг хожиж аварга болж байсан. Анхны том тэмцээндээ аваргалж байсан, их дурсамжтай тэмцээн. Харамсалтай гэвэл хожигдож байсан бүх тоглолт л харамсалтай. Хожигдолоос, алдаанаасаа суралцаж, багаараа, хамт олноороо улам их хөдөлмөрлөх л хэрэгтэй болдог.

Сагсан бөмбөг тоглож буй, эхлэн хичээллэж байгаа хүүхэд залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Сагс сонирхдог залуусдаа хандаж хэлэхэд тууштай байгаарай. Өөрийнхөө сонирхсон зүйлээ төгс хийхийн тулд шат дараатай өөртөө зорилго тавин суралцаарай. Мөрөөдөлтэй байгаарай. Бидний дараа гарч ирэх залуусынхаа замыг нь засахын тулд хичээх болно.  Хүсэх юм бол бид нараас илүү их амжилт гаргах боломжтой шүү гэж хэлье дээ.

Сагсан бөмбөг Танд юу өгсөн бэ?

- Сагсан бөмбөг надад маш их юм өгсөн. Гэр бүл, найз нөхөд, одоо байгаа амьдрал, олон хүмүүстэй танилцах боломж, дэлхийгээр аялах гээд. Хамгийн гол нь биеэ даах ухамсар, багаар ажиллах чадвар, биеэ авч явах байдал зэрэг зүйлийг өгсөн. Сагсан бөмбөггүйгээр өөрийгөө төсөөлөхөд бэрх. учир нь одоо надад байгаа зүйлийг өгсөн учраас төсөөлж чадахгүй.

Багийнхаа хамтрагч нарын тухай спорт сонирхогчиддоо танилцуулаач. Та хэд анх яаж танилцаж нэг баг болж байв.

Баг хамт олны хувьд гэвэл багаасаа бие биенээ мэддэг байсан хүмүүс. Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөний хувьд TLG-13 багт багаасаа хамт тоглодог байсан. Д.Дэлгэрнямын хувьд 2016 оны Элсний наадамд нэг баг болж хамтдаа тоглож байсан. Энэ залуус бол миний хувьд нэг гэр бүл болсон. Амьдрал дээр ч гэсэн маш сайн найзууд. Анандын хувьд гэвэл TLG-13 клубээс гаралтай, бид нарын дүү. Манай багийн тоглолтод маш том дэмжлэг болон орж ирсэн, дасан зохицсон, их ирээдүйтэй залуу.. Бид нар 2017 оноос анхны мэргэжлийн тэмцээндээ оролцоод нэг зорилгын төлөө өдий хүртэл хамт явж байна даа. Манай багийн хувьд гэвэл үндсэн тоглогч 5, дасгалжуулагч нийлээд 6 гишүүнтэй болдог. Дасгалжуулагч С.Тулга ах 3x3  төрлийн бүхий л багуудыг дасгалжуулаж явдаг. Багийн ахлагч Д.Дэлгэрням маань хүчний тоглолтоороо дэлхийд гайхагддаг. Э.Дөлгөөний хувьд 2017, 2018 оны Азийн аваргын MVP. Д.дэлгэрнямын хувьд 2019 оны Азийн аваргын MVP, Жэжүгийн Гран пригийн MVP. Г.цэнгүүнбаярын хувьд манай урд талын шугам, шидэгчийн байрлал дээр оноог явуулдаг тамирчин. Багийнхаа хувилбар, комбинац дээр түлхүү удирдаж ажилладаг. 

Дан сагсанбөмбөг тоглоод амьдрахад мэдээж хэцүү. Ямар мэргэжилтэй билээ.

Миний хувьд сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлээрээ Баянгол дүүргийн нийгмийн даатгалд ажиллаж байсан. Миний хувьд УБЦТС-д инженер техникийн ажилтан хийдэг.  Байгууллага хамт олон маань сайн ойлгож, дэмждэгт баярладаг.. 

Сагсанбөмбөгөөс өөр ямар авьяастай билээ?

- Сагсан бөмбөгөөс гадна гэвэл авто спортод дуртай. Авто спортын Дрифт болон драгын төрлүүд миний сонирхолыг их татдаг. Чөлөөт цагаараа сонирхолоороо хааяа дрифт хийдэг.

Чөлөөт цагаараа юу хийх дуртай бол

Чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ байх дуртай. мөн агаар салхинд гарах дуртай даа.

Ярилцсанд баярлалаа. Хамгийн сүүлийн асуултыг өөрт тань үлдээе

- За ингээд хамгийн сүүлд бид бүхнийг дэмждэг хамт олон, дэмждэг спорт сонирхогчид, найз нөхөд, ивээн тэтгэгч байгуулагууд бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Бид бүгдээрээ нэг зорилгын төлөө зүтгэдэг нэг хамт олон, нэг баг шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. 

Ч.Амартүвшин

Таны сурталчилгаа