Цаг үеийн мэдээ

Ердөө долоохон хоногийн өмнө АНУ-ын Лас Вегаст болсон уран гулгалтын гран-при цуврал “ Скэйт Америка»-ийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын 15 настай Анна Щербакова түрүүлэхдээ нэг үзүүлбэрт хоёр удаа дөрвөн эргэлттэй лутц үсрэлт хийж, нэг үзүүлбэрт дөрвөн эргэлттэй лутц хоёр удаа хийсэн анхны эмэгтэй гулгагч болсон дуулиан шуугиан намдаагүй байхад түүнтэй тоолбол нас, төөлбөл бие чацуу , мөн л Этери Тутберизийн шавь Александра Трусова гран-при цуврал “ Скэйт Канада”-д түрүүлэхдээ дэлхийн рекордыг хоёронтоо шинэчилсэн төдийгүй, чөлөөт үзүүлбэрт техникийн 100 -аас дээш оноо авсан анхны эмэгтэй уран гулгагч болж, бас дахин шуугиуллаа. Техникийн 100-аас дээш оноо авсан ердөө хоёрхон уран гулгагч байдаг бөгөөд тэр нь хоюулаа эрэгтэй буюу Нэйтан Чэн, Юзүрү Ханю нарын олимп, дэлхийн аваргууд юм. Тэгэхээр Саша Трусова эмэгтэйчүүдээс энэ босгыг давсан анхны гулгагч болж түүхэнд үлдэнэ.


Хэдийгээр энэ жил л 15 нас хүрч насанд хүрэгчдийн уралдаан, тэмцээнд оролцож эхэлж байгаа ч Саша Трусова өсвөр үеийн дэлхийн аваргын хошой алтан медальтай, 4 эргэлттэй сальхов, 4 эргэлттэй тулуп үсрэлтийг албан ёсны тэмцээнд анх амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй гулгагч хэмээн “Гиннесийн рекордын ном”-д хоёронтоо бичигдсэн, нэг үзүүлбэрт 4 эргэлттэй дөрвөн үсрэлт хийсэн гээд л хэдийнээ нэрээ цуурайтуулсан охин л доо. Тэр ч бүү хэл Трусоваг таван эргэлттэй үсрэлт хийхээр бэлдэж буй ч мэдээлэл байдаг. Таван эргэлттэй үсрэлтийг эмэгтэй байтугай эрэгтэй нэг ч гулгагч одоогоор гүйцэтгээгүй байгаа гээд л саначих.


...”Скэйт Канада” -д Саша чөлөөт үзүүлбэртээ 4 эргэлттэй эргэлт дөрвийг гүйцэтгэхээр төлөвлөсөн байлаа. Эхний 4 эргэлттэй сальхов дээр тэрбээр унах нь тэр. Ийм уналтын дараа олон гулгагч сэтгэл зүйгээрээ бас “унаж”, цаашид өндөр оноотой хүнд элемент хийхээс зүрхшээдэг тал бий. Харин тэдний нэг Трусова биш ажгуу. Саша “ босохоор” барахгүй 4 эргэлттэй лутц, дараа нь 4 эргэлттэй тулуп + 3 эргэлттэй тулуп , дахиад 4 эргэлттэй тулуп үсрэлтүүдийг амжилттай гүйцэтгэлээ. Үгээр бичихэд үүнийг амаргүй л дээ. Гулгахын төлөө, үсрэхийн төлөө, тэр тусмаа дөрвөн эргэлттэй үсрэлт хийхийн төлөө л төржээ, энэ охин.


Ийнхүү чөлөөт үзүүлбэртээ Трусова 166,62 оноо авч дэлхийн рекордыг шинэчиллээ. Өнгөрсөн жил олимпийн аварга Алина Загитовагийн тогтоосон дэлхийн рекордоос даруй 8 оноогоор илүү гэсэн үг. Техникийн оноо нь 100,2 хүрсэн нь Ханю, Чэн гээд хоёрхон эрэгтэй гулгагчийн л давсан “босго” шүү дээ.
Нийлбэр оноогоор ч Саша 241,02 оноо авч мөн л дэлхийн рекордыг эвдлээ.
Ийнхүү уран гулгалтад Юлия Липницкая , Евгения Медведева, Алина Загитова нарын олимп, дэлхийн аваргуудыг, үзэгчдийн хайртай одуудыг “бэлэглэсэн” , бэлтгэсэн өдгөө цагийн аугаа дасгалжуулагч Этери Тутберизи Анна Щербакова, Александра Трусова, Алена Косторная гээд дараагийн олимпод алтан медалийн л төлөө өрсөлдөх авьяаслаг охидыг бэлтгээд гаргаад ирлээ дээ...

Ц.Энхтүвшин . “ Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч.

Таны сурталчилгаа