Тэд "Уламжлалт нэршлээр “Охидын үзлэг” буюу бэлгийн харьцаанд орсон эсэхийг шалгах үзлэг нь охид, эмэгтэйчүүдийн хүний эрхийн ноцтой зөрчил, ялгаварлан гадуурхалтын илэрхийлэл бөгөөд шинжлэх ухаанч бус, бэлгийн харилцаанд орсон эсэхийг бүрэн тодорхойлох боломжгүй, эмнэлгийн ач холбогдолгүй, урт, удаан хугацааны эрүүл мэндийн болон сэтгэлзүйн сөрөг үр дагавартай хэмээн дэлхий нийтээр, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын газар, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг газруудаас эрс буруушаадаг үзэгдэл бөгөөд Монгол улсад ЕБС-иар дамжуулан явагдсаар байгаад тун харамсалтай байна" гэлээ.
Мөн энэхүү асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Засгийн газрын харьяа Жендэрийн Үндэсний хороо болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хандаж өргөдөл гарган хүний, хүүхдийн эрхийн зөрчил мөн болохыг тогтоож, сургуулийн орчинд, олноор нь албадан, өөрсдийн болон эцэг эхийн тодорхой мэдээлэлтэй зөвшөөрөлгүйгээр “охидын үзлэг” явуулахыг хориглох талаар ажиллах болно гэдгээ дээрх ТББ-ууд мэдэгдсэн байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын Эрхийг Хамгаалах Өдөр болгон тунхагласан бөгөөд Дэлхийн улс орнууд охидын хүсэл зоригийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л хүний эрхийн зөрчлүүд, тухайлбал охидыг хүчээр гэрлүүлэх, охидын бэлэг эрхтнийг зэрэмдэглэх, охидыг онгон эсэхийг хүчээр үзэж шалгах зэрэг охидын эрхэд ноцтойгоор халдаж буй үйлдлүүдийг таслан зогсоохын төлөө нэгдэж ажиллаж байгаа энэ үед манай улс охидын үзлэг явуулах нэрийдлээр охидын эрхийн талбарт ахиц биш ухралт юм.