Цаг үеийн мэдээ

1964 оноос хойш Монголын баг тамирчид оролцсон бүх олимпод тамирчнаа сойсон хоёр спортын нэг нь буудлага. Чөлөөтийн адил энэ уламжлалаа “Токио-2020”-д үргэлжлүүлнэ. Одоогоор эрэгтэй 10 м-ийн хийн гар буу болон эмэгтэй 10 м -ийн хийн гар бууны төрөлд “Токио-2020” олимпийн эрхээ аваад байгаа.


Олон Улсын буудлага спортын холбоо Олимпийн эрхийг 2018 оны ДАШТ болон 2019 оны Дэлхийн цомын цуврал найман тэмцээнээс олгосон. Одоо манайханд эрхээ нэмэх ганц тэмцээн үлдээд байгаа нь Азийн 2019 оны АШТ. Энэ 11 дүгээр сарын 3-11-нд Катарын Доха хотноо болох Азийн АШТ-д төрөл тус бүрт медальт байр эзэлсэн буюу тус бүр гурав, гурван тамирчин олимпийн эрх авах юм.
Азийн АШТ-ээс 1-2 эрх авах, нийтдээ 3-4 буудагч Токиод цэц сорих бололцоо бий.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ:

Монголын туйванчид 1972, 1980, 1992, 1996, 2004,2008, 2012,2016 оны олимпод оролцсон.
“Токио-2020” Олимпийн эрхийг IWF буюу Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос цуврал тэмцээнээс Олимпийн эрхийн оноо цуглуулах зарчмаар олгохоор болсон. Тухайлбал 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 30, 2019 оны тавдугаар сарын 1-нээс 2019 оны аравдугаар сарын 31, 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 30 гэсэн гурван цикл гаргасан. Олимпийн эрхийн төлөө өрсөлдөж буй тамирчин энэ гурван цикл тус бүрт доор хаяж нэг нэг тэмцээнд оролцсон, нийтдээ доор хаяж 6 тэмцээнд оролцсон байх ёстой. Оноо олгох тэмцээнийг “Алтан”, “Мөнгөн”, “Хүрэл” оноо олгох тэмцээн гэж бас ангилж буй. Олимпийн эрх авахын тулд “Алтан” ангиллын тэмцээнд бас заавал оролцсон байх журамтай.
Тив болон Дэлхийн АШТ-д “алтан” ангилал, IWF-ийн тэмцээнд “мөнгөн” ангилал, бусад олон улмын тэмцээнийг “хүрэл” ангилал хэмээн үзэж буй.
“Токио-2020” олимпийн хүндийг өргөлтийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд, жин тус бүрт 14 тамирчин, нийтдээ 196 туйванч оролцох юм. Нэг улсад дээд тал нь эрэгтэй эмэгтэй тус бүрт дөрөв, дөрвөн, нийт найман тамирчин оролцуулах эрхтэй бөгөөд 2008 оны Олимпийн наадмаас хойш допингийн зөрчил гаргасан байдлаас мөн хамаарч хязгаарлалт хийх ажээ.
Тухайлбал энэ хугацаанд тухайн улсын хүндийг өргөлтийн тамирчдаас 10-19 удаа допингийн зөрчил гаргаж байсан бол тухайн оронд дээд тал нь дөрөв, 20-оос дээш бол дээд тал нь 2 тамирчин л оролцуулахыг зөвшөөрөх юм.
Ийм, ийм шалгуур давсны дараа оролцсон тэмцээнээс авсан онооны чансааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд гарган жин тус бүртээ чансаагаараа эхний 8-д бичигдсэн тамирчид олимпийн эрхээ шууд авах ажээ. Мөн таван квот тив болгонд нэгийг өгөх ба чансаанд тухайн тивээс төлөөлөл багтаагүй тохиолдолд чансааны дарааллаар огшоон олгох юм.
Манай Монголын хүндийг өргөлтийн эмэгтэй тамирчид цикл болон “алтан” ангиллын тэмцээнд оролцох болзлыг бол биелүүлсэн. Одоо оноогоо ахиулах л чухал. Олимпийн эрх авах магадлал хамгийн өндөр яваа нь Дэлхийн АШТ-ий хошой хүрэл медальт , 81 кг-ийн М.Анхцэцэг. Тэрбээр өнөөдрийн байдлаар 1477 оноогоор жиндээ 17-д бичигдэж байгаа.
Мөн 64 кг-ийн Г.Ануужин 1613 оноотой жиндээ 41-д, +87 кг-ийн Э.Билэгсайхан 909,6 оноогоор жиндээ 29-д, 71 кг-ийн О.Дархижав 815,8 оноотой жиндээ 54-д, 55 кг-ийн Ч.Нямзул 614,6 оноотой жиндээ 70-д бичигдэж байгаа юм.

Ц.Энхтүвшин,”Таван цагариг”

Таны сурталчилгаа