ЭМЯ-аас "Тэмбүү өвчнийг устгая уриатай" хоёр жилийн аянг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн. Уг аян эхэлснээс хойш 218 мянга гаруй хүнийг тэмбүү өвчний шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс 3682 хүн тэмбүү өвчтэй, 1716 хавьтлыг илрүүлжээ.
Тэмбүү болон хүний дархлал хомсдолын вирусийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээг халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэгтэй хамтатган аймаг бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулсан байна. Үүнээс 96,289 иргэнд шинжилгээ хийж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдыг илрүүлэн эмчилгээнд хамруулсан байна.
Түүнчлэн 2019 оны эхний 10 сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 13,685 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс нийт халдварт өвчний дунд 38 хувийг тэмбүү өвчин эзэлж байгаа юм. Мөн бэлгийн замаар дамжих халдварын 40,3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж 5517 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэмбүүгийн өвчлөлийг өмнөх онтой харьцуулбал 503 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Тэмбүүгийн өвчлөлийн хувьд Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хот улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа юм. Сүүлийн үед манай улсын иргэдийн дунд бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүүгээр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна. Мөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрөлхийн тэмбүүтэй буюу жирэмсэн үед тэмбүү оношлогдох тохиолдол өсчээ. 2016 онд 19 тохиолдол илэрч байсан бол 2017 онд 25, 2018 онд 29, 2019 оны хагас жилээр 25 тэмбүүтэй жирэмсэн эх бүртгэгджээ.