Цаг үеийн мэдээ

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 11 дүгээр сарын 21-ны өдрийг Дэлхийн телевизийн өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг тохиолдуулан улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллагууд хэвлэл мэдээллийн гол хэрэгсэл болсон телевизийн нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, ардчиллын суурь зарчмыг хангах, улс үндэстний соёлын олон талт, ялгаатай онцлог байдлыг дэмжин, хамгаалахад гүйцэтгэж байгаа үүрэг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг сурталчлан таниулах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.

Дэлхийн телевизийн өдрийг тэмдэглэх болсон түүхээс сөхвөл:

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас улс орнуудын энхтайван, аюулгүй байдалд учирч буй заналхийлэл, зөрчилдөөний асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах замаар шийдвэр гаргах түвшинд телевизийн нөлөөлөл өсөн нэмэгдэж, дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудад анхаарлаа хандуулахад телевиз томоохон үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрч 1996 оны 12-р сарын 17-ны 51/205-р тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 21-ны өдрийг Дэлхийн Телевизийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг анх баталж байжээ.

Дэлхийн улс орнуудын туулж өнгөрүүлсэн түүхээс нь хамаарч телевизийн хөгжлийн үе шат харилцан адилгүй байна. Улс бүрт телевиз байгуулагдсан цаг үе харилцан адилгүй боловч “туршилтын нэвтрүүлэг” явуулж байсан зурвас үе заавал байдаг. Манай хойд хөрш Орост телевизийн туршилтын нэвтрүүлгийг 1931 оны тавдугаар сарын 1-нд хийсэн байна. Үүнээс нэг өдрийн өмнө “Правда” сонинд энэ тухай мэдээлэл хэвлэгджээ. Тавдугаар сарын 1-нд Оросын инженерүүд хэд хэдэн гэрэл зургийг дуугүйгээр алсын орон зайд дамжуулсан нь амжилттай болжээ. Тэгвэл Германд 1928 онд телевизийн туршилтын нэвтрүүлэг хийж байсан тухай баримт байдаг. Телевизийн нэвтрүүлгийг тогтмол явуулж эхэлсэн дэлхийн анхны улс бол Их Британи юм. 1936 онд Их Британийн нийслэл Лондон хотод “London Television Service” компани тогтмол нэвтрүүлэг явуулах болжээ.

Монгол улсад телевиз үүссэн түүх

Монгол Улсад телевиз байгуулах тухай анх 1964 оны  дөрвөн сард Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригдаж, 1965 оны арван сард БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гаргажээ. Үүний дагуу телевизийн техникийн мэргэжилээр 40 хүнийг ЗХУ руу илгээсэн байна. 1966 оны гуравдугаар сарын 29-нд Монгол телевизийн техникийн төвийн шавыг тавих ёслол болжээ. 1966 оны тавдугаар сарын 16-нд телевизэд ажиллах залуусын хоёрдугаар ээлжийг ЗХУ руу явуулсан юм.

1967 онд Монголын телевиз байгуулагдахад барьж байгуулсан теле цамхаг нь 193 метр өндөр. 1967 оны долоодугаар сарын 9-ний өдрийн “Үнэн” сонинд монголын телевизийн төвийн ерөнхий инженер В.И.Алырщиковын өгсөн ярилцлага хэвлэгджээ. Тэрээр энэ ярилцлагадаа телевизийн төв нэвтрүүлэг дамжуулахад бэлэн гэж мэдэгджээ. Ингээд 1967 оны долоодугаар  сарын 11-нд Монголд анх удаа туршилтын нэвтрүүлэг хийжээ. Ардын хувьсгалийн 46 жилийн ойд зориулсан концерт, хүндэтгэлийн арга хэмжээг телевизээр дамжуулжээ. Дараа нь 1967 оны наймдугаар сарын 15-нд хоёр дахь удаагийн туршилтын нэвтрүүлэг хийжээ. Туршилт амжилттай болсоны дараа тогтмол нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гаргасан байна. Радио телевизийн улсын хорооны даргаар Жалан-Аажив, орлогчоор нь Сумъяа томилогджээ. 1967 оны  есдүгээр сарын 27-ноос эхлэн Монгол телевиз тогтмол нэвтрүүлгээ явуулах болжээ. Монгол телевиз анх байгуулагдаад даваа пүрэв, бямба, ням гаригт нэвтрүүлэг дамжуулдаг байв.

Анхны телевиз

1996 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 21-нд дэлхийн телевизийн өдрийг тэмдэглэдэг болсон. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж шийдсэн байна.

Телевизийн үйлчилгээ эрхлэгчид та бүхэнд Дэлхийн Телевизийн өдрийн мэнд хүргэе.

 

Таны сурталчилгаа