Цаг үеийн мэдээ

“Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагнал, цол гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа  /2019.11.25/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн тэнхим”-д зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, дэд дарга цагдаагийн хурандаа Ж.Болд, дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж болон зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, 92 алба хаагч Хууль зүй, дотоод хэргийн яамны 356 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын шагналаар, 141 алба хаагч хугацааны цол шагнагдлаа.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав хэлсэн үгэндээ "Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтносон, бүрэн эрхт Бүгд Найрамдах Улс мөн гэж тунхаглан зарласнаас хойш эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага цол, шагналаа гардуулдаг уламжлалтай.
Алба хаагч бүр улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэх улам их  хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэхийн ялдамд Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд болон та бүхний гэр бүлд Улс  тунхагласны баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан  бүхнийг хүсэн ерөөе" гэв.
Нийт шагнагдсан алба хаагчиддаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөрт амжилт хүсье.
 
 

 

Таны сурталчилгаа