Цаг үеийн мэдээ

           Өнөөдөр шинэ оны эхний өдөр.Хэдхэн цагийн өмнө бид халуун ам бүлээрээ ширээгээ тойрч суугаад амттаны дээдийг хүртэж, шинэ оноо сэтгэл догдлон хүлээн авсан. Тэгвэл биднийг баяр жаргалдаа умбаж байгаа тэр л цаг мөчүүдэд ажил үүргээ гүйцэтгэж, бидний баярыг улам төгөлдөржүүлж байдаг хүмүүсийн нэг бол ЗАМЫН ЦАГДАА. Та бүхэндээ талархахын сацуу хүнд хэцүү хөдөлмөрийг нь дэндүү ихээр ойлгоном.   

12 сарын 31.  Монголчууд бид аливаа баярыг ач холбогдол өгч нүсэр тэмдэглэх дуртай ард түмэн. Гэхдээ аливаа ажлыг цагийг нь тулгаж хийдэг шигээ баярынхаа бэлтгэл ажлыг мөн л тухайн өдөр нь амжуулах гэж түм түжигнэж бум бужигналаа шүү дээ. Уг нь бид шинэ жилийн баяраа тэмдэглээд 90 гаруй жил өнгөрч байгаа ч туршлага суух яагаа ч үгүй бололтой. Өмнөх өдрүүдэд яг юу хийж байсан юм бүү мэд оны сүүлийн өдөр буюу 31–нд баярын хүнсээ цуглуулахаар амь тэмцэж, замын түгжрэл дээд цэгтээ хүрсэн. Ядаж байхад хүн амынх нь талаас илүү хувь нь нийслэл хотдоо амьдардаг.  Тэгээд толгойтой болгон машин унана. Монгол улс 847,414 нь автомашинтайгаас 496,720 нь буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй.  Энэ өдөр бараг энэ бүх машин зам дээр гарчихсан явсан гэхэд хилсдэхгүй ээ, түгжрээнд орсон машин сөөм ч ахихгүй таг зогссон.  Мэдээж хэрэг жолооны хүрд эргүүлэгсдийн уур бухимдал дээд цэгтээ хүрч, жаахан эвгүйтвэл хэрүүл хараал урсахад бэлэн. 

            Гэтэл хаанаас ч юм авралын шүгэл тасхийж, замын цагдаа “ах” гараад ирлээ шүү. Шидэт улаан дохиур гялсхийх тоолонд өнөөх таг гацсан машинууд явж эхэллээ. Энэ “аймшигт” зам дээр замын цагдаа гэж байдаггүй бол үхэр мэт зөрүүд Монголчууд бид хоорондоо зохицоод явна гэдэг үлгэрийн далай. Шинэ оноо бараг түгжээтэй зам дээрээ гаргах байсан биз. Энэ л үед замын цагдаад машид ихээр талархлаа. Ядаж байхад оны сүүлийн өдрүүдэд ихээр хүйтэрснийг хэлэх үү, тэр олон машины яндангийн утаа дунд хүйтэн зам дээр зогсох тэдний юутай бэрх вэ? 

ТА 7 ЦАГИЙН ТУРШ ТАСРАЛТГҮЙ ГАДАА ЗОГСОЖ ЧАДАХ УУ? 

                                   

Өвлийн тэсгим хүйтэнд ч, зуны аагим халуунд ч ажлын байрандаа буюу зам дээр зогсож байдаг замын цагдаа нарын ажлын хариуцлага өндөр. Замын цагдаагийн өглөөний ээлж 07.00-14.00 цаг,  оройн ээлж нь 14.00-21.00 цаг хүртэл аюулгүйн манаанд зогсдог бол шөнийн ээлж нь 20.00-08.00 цагийн хуваарьтай ажилладаг байна. Тэдэнд бүх нийтийн амралтын өдөр болоод баяр ёслолын үеэр амсхийх, баярлах цаг тун хомс.

ӨДӨРТ ДОР ХАЯЖ 30 ХҮНТЭЙ МУУДАЛЦДАГ АЖИЛ

Тиймээ энэ бол Замын цагдаа хэмээх мэргэжил эзэмшиж, ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө зам дээр зорчих хүмүүсээс хүртэх элдэв муу үгний тоо. Жолооч нарын бараг л дийлэнх нь замын цагдааг үзэн яддаг, тэднийг муу муухайгаар боддог, үргэлж харааж зүхэж байдаг гэвэл буруу бичсэн лав болохгүй байх. Учир нь замын цагдаа нар зөрчил гаргасан л бол жолоочдыг торгож, халаасан дахь мөнгөнөөс нь “хумсалдаг” болохоор тэр.  Нэг замын цагдаа өдөрт 30, сард 660, жилд 7920 хүний хараал иддэг гэвэл уншигч та итгэх үү? 

                              

      Гэтэл замын цагдааг заавал зөрчил илрүүлж, тодорхой тооны торгуул ноогдуул гэсэн үүрэг өгчихсөн байдаг гэнэ лээ. Өмнө нь нэг замын цагдаа өдөрт 10-15 орчим хүн торгодог байсан. Харин одоо бол 30 зөрчил ЗААВАЛ илрүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл замын цагдаа Бат өдөрт 30 жолоочид торгуулийн арга хэмжээ авах буюу 300,000 төгрөгийн ОРЛОГО олсон байх үүрэг хүлээн ажилладаг. Энэ байдлаас харахад нэг замын цагдаа өдөрт 30 хүн, ажлын 22 хоногоор бодвол сардаа 660 хүн, харин  жилд 7920 хүн торгодог байх нь. Ингээд бодохоор дээрээс ирсэн даалгавраа биелүүлэхийн тулд замын цагдаа өдөрт 30 хүнд таагүй хандаж, тэдний “хараал иддэг” байх нь байна шүү дээ.  

     Яг үнэндээ тэд  жолооч таныг торгохдоо аз жаргалтай , инээд хөөртэй байдаг нь юу л бол.  Аль болох уучлаад, хэлж сануулаад явуулахыг бодох ч илрүүлэх ёстой 30 зөрчил гэсэн дүрэм журам, нормоо заавал биелүүлэхээс өөр аргагүй.  Тэгэхээр замын цагдаа ч стрессдэж, нерэвтдэг гэж хэлж болно. Та бод, өдөр бүр  30 зөрчил илрүүлж, 30 хүнтэй муудалцаж, 30 хүний халааснаас мөнгө “авчихдаг”  учраас стрессдэхгүй байна гэж юу байхав.  Тиймдээ ч олон замын цагдаа нар “Надад хүн торгох, хүнтэй муудалцах сайхан байдаггүй” хэмээн ярьдаг. 

      Эцэст нь хэлэхэд өдөрт 30, сард  660, жилд 7920 хүнтэй “дайсагнаж” байгаа замын цагдаа нарын ажлыг ойлгож, аль болох дүрэм журмаа баримталж байгаарай жолооч нар аа! Замын цагдаа хэмээх хүн байхгүй бол бид зам дээрээ мал шиг л бэлчих биз ээ.

 

 

Таны сурталчилгаа