Цаг үеийн мэдээ

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 15.4 тн газ тээвэрлэж явсан машин Патрол маркийн машинтай шүргэлцэж, улмаар дэлбэрсэн томоохон хэмжээний осол гарсан. Ослын улмаас долоон хүн амь насаа алдсан байдаг. Энэхүү осолд амиа алдсан иргэн Сэргэлэнбаатарын ээжтэй бид ярилцсан юм. Ярилцлага эхлэхийн өмнө тэрбээр “Би хүүгийнхээ аавтай суугаад анхны хүүхдээ дутуу төрүүлж алдсан. Түүний дараа хүүгээ олчхоод чангахан гишгээхээс ч айж, маш сайн гам барьж хүсэн хүлээж төрүүлсэн үр минь болохоор хамгаас илүү нандигнаж өсгөсөн. Миний хүү ээжтэйгээ үеийн найз шиг л байдаг байлаа. Өрөвч зөөлөн, нинжин сэтгэлтэй, хайр дүүрэн өсгөсөн үр минь юм. Ийм харамсалтайгаар үрээ алдаад уйлаад сууж байна чинээ санасангүй” хэмээн нулимс нь тогтохгүй байлаа. Түүнтэй ярилцахдаа хаанаас яаж эхлэх, юу гэж асуухаа мэдэхгүй эмзэглэж суулаа. Үрээ алдсан эх хүний зовлон ямар хэцүүг хажуугаас нь харахад сэтгэл тогтохгүй нулимс унаган ярилцсан ярилцлагаа уншигч танд хүргэе. 

Газны ослын үеэр амиа алдсан 19 настай Сэргэлэнбаатарын ээж Н.Сарантуяатай ярилцлаа. 

-Харамсалтай осол болоод нэг жилийн хугацаа өнгөрч байна. Тухайн үед юу болсон талаар яриагаа эхлэх үү? 

-Хүү минь 12 дугаар ангиа төгсөөд том тэрэг барьдаг болсон. Ер нь манайхан бүгдээрээ жолооч. Аав нь жолооч, ах нь жолооч, миний хүү жолооч болсон. Өвөө нь ч жолооч байсан юм. Ахынх нь машин Налайхын замд эвдэрчихлээ. Ахыгаа ирж аваад, ажлаас нь сэлбэг аваад эргээд машин дээрээ очъё гэдэг дуудлагаар миний хүү тэр өдөр ах руугаа явсан. Гэрээсээ гараад 10-20-хон минутын дараа аавынх нь утас дугараад аймшигт мэдээ ирж бид эмнэлэг рүү очсон. 

-Эмнэлэгт очоод хүүтэйгээ шууд уулзсан уу? Тэнд ямар нөхцөл байдалтай байсан бэ?

-Эмнэлэг дээр очиход миний хүүд хоёр залуу тусалсан байсан. “Хүү чинь өөрөө өөрийгөө эмнэлэгт авчирсан. Та санаа зовох зүйлгүй шүү” гэж хэлж байсан. Одоо би тэр хоёр  залуутай уулзмаар санагддаг. Тэр машинд суугаад явж байхдаа миний хүү тэр хоёр залуутай юу ярьсан бол... Магадгүй ээжид минь хэлээрэй гэж үг хэлсэн ч юм билүү гэж бодогддог...

Биднийг эмнэлэгт очиход миний хүү боолтод орчихсон байсан. Түүнийг нь харчхаад “миний хүү гайгүй байгаа юм байна даа” гэж бодсон. Тэгээд боолтоос гараад Эрчимт эмчилгээний тасаг руу явах гэж байтал дараагийн түлэгдсэн хүмүүс нь орж ирж байсан. Тэр дүр зургийг одоо бодоход үнэхээр аймар. Хэрэв тэнд лайв, бичлэг хийдэг хүн байж таарсан бол үнэхээр аймшигтай дүр зургийг бодитоор буулгах байсан болов уу гэж боддог. Гаднаас орж ирж байгаа хүмүүс үхсэн хүмүүс босож ирдэг зомбитой кино байдаг даа. Яг тийм гэмээр аймшигтай болчихсон хүмүүс гаднаас орж ирж байсан. Би түүнийг хараад юу болоод байгаа учрыг ч олоогүй. Тэгтэл хүүг маань түрээд гараад ирсэн. “Эгчээ та араас дагаад ороорой” гэж эмч нь хэлсэн. Тэгээд сэхээний өрөө рүү орсон. Тухайн үед хүү минь сэрүүн байсан. “Ээж ээ та битгий сандраарай тайван байгаарай” гэчхээд “Эмч ээ намайг унтуулаад өгөөч” гэж л орилсон. Тэр хүүгийн минь хамгийн сүүлчийн үг байсан...

Дахиж хүү минь сэрээгүй. Эмч нар тухайн үед бүх л арга хэмжээгээ авсан. “Эгч ээ бид бүхий л арга хэмжээгээ авч байна. Гэхдээ бид одоо 72 цагийн унтуулгатай тариа хийхээс өөр арга алга. Бид тэр арга хэмжээгээ авах уу” гэсэн. “Тэг ээ. Миний дүү бүх л зүйлээ хий” гэж хэлсэн. Тухайн үед өөр юу хийх юм бэ. Хийж болох бүх л арга хэмжээгээ ав гээд л бид зогсож байсан. Хүүгээ аврахын тулд өөр яах юм бэ. 

-Тухайн осол мэдээж хоёр машины хооронд шүргэлцээн болж үүссэн шүү дээ. Патролын жолооч, Дашваанжил компанийн жолооч, удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд ч юм уу та бүхэнтэй уулзсан уу. Уучлал гуйсан уу?

-Хүнд жаахан ч гэсэн хүн чанар байх ёстой. Өнөөдөр бид өөр өөрсдийнхөөрөө амьдралаа босгоод, бүтээгээд, аз жаргалтайгаар...

Үнэхээр аз жаргалтайгаар амьдарч байсан хүмүүс байхгүй юу... 

Элэг бүтэн, эрүүл саруул, хэнээс ч юу ч гуйгаагүй. Яг л өөр өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр, өөр өөрсдийнхөө амьдралыг цогцлоогоод явж байгаа. Гэтэл өнөөдөр айлыг ийм байдалтай болгочхоод юу ч болоогүй юм шиг явж байж болохгүй байхгүй юу. Тэр Патролын жолооч, Дашваанжил ХХК-ийн жолооч, захирал, ер нь бүгдээрээ. Энэ нэг жилийн хугацаанд надад хүүгээ санаагүй өдөр гэж байхгүй. Хүүгээ санаад уйлаагүй өдөр, цаг, минут гэж байхгүй...

Хүн чинь уйлахынхаа хэрээр маш амархан бие өвддөг юм байна. Адаглаад одоо миний хараа муудсан. Энэ юутай холбоотой вэ гээд эмчээс асуусан “Эгчээ таны уйлж байгаатай л холбоотой” гэсэн. Бүхэл бүтэн айлыг ийм байдалтай болгочхоод юу ч болоогүй юм шиг байж байна гэдэг маш аймшигтай зүйл. Өөрсдөд нь яг ийм зүйл тулгарсан бол яах байсан бол. Өнөөдөр амьдрал дээр хүн эд хөрөнгийн төлөө гүйх биш аз жаргалтай, элэг бүтэн байх л хамгийн чухал юм байна. Ийм байгаа байдлаа бодоод үзэхээр тийм л байгаа байхгүй юу. Хүн үхэхдээ юу ч авч үхдэггүй юм байна. Тэгтэл бид нэг их хэрэгтэй юм шиг их мөнгөний араас шунаж, юм цуглуулаад явах хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон цаг хугацаа байлаа. 

-Хүү нь хувь хүнийхээ хувьд ямар хүн байв. Найз нөхөд олонтой байв уу. Найзууд нь одоо тан дээр ирдэг үү?

-Миний хүү чинь маш сэргэлэн. Нэр нь хүртэл Сэргэлэнбаатар...

Найзууд нь надад нэг зүйл хэлсэн. “Хүн гэдэг мөнхийн амьд байх юм шиг санадаг юм байна, эгчээ. Гэхдээ найзыгаа ингээд явчихна гэж бодсонгүй. Бидний хувьд ч гэсэн аавыгаа алдсан юм шиг мэдрэмж төрж байна. Биднийг холбож, уулзуулж, хооронд нь зангиддаг байсан хүн юм байна” гэсэн. Хоёр найз нь хоорондоо муудалцсан байлаа гэхэд очиж эвлэрүүлдэг. Ийм л хүүхэд байсан. Гэхдээ миний хүү надад зөндөө олон сайхан хүүхдүүд үлдээгээд явсан байна лээ. Миний хүүг орлоод бараг арваад залуучууд надад байна. Өдөр болгон ирж байна. Өдөр болгон эгчээ яаж байна, юу хэрэгтэй байна, юу хийж байна, хамтдаа тийшээ явъя, ингээд ирье, ингэе тэгье гэдэг. Одоо би бодохдоо миний хүү өөрийнхөө оронд зөндөө сайхан хүүхэд үлдээгээд явж дээ гэж л сэтгэлээ дэвтээх юм даа...

-Үнэхээр хэлж барамгүй уй гашуу тохиолдсон. Танд тэрийг нь тэгчихгүй, энийг ингэчихгүй. Тийм зүйлийн буруугаас боллоо гэж гомдох зүйл олон байгаа байх даа?

-Бүх зүйл уг нь стандартын дагуу явдаг л гэж боддог. Тэр барилгыг галаас хамгаалах аюулгүй байдлыг нь хангаад барьчихсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан. Тэр замыг анхнаас нь стандартын дагуу жаахан өргөн барьчихсан бол...

Би тэр замаар яваагүй жил гаруй болчихжээ. Баруун эргээд ордог тэр уулзварыг анхнаас нь тэгээд л барьчихгүй яасан юм бэ. Тэгээд ер нь хүн болгоны овилгогүй, ааштай, ууртай зангаас их зүйл болж байгаа шүү дээ. Тэр Патролын жолооч зүгээр л зам тавьж өгөөд явчихсан бол ийм зүйл болохгүй л байсан. Тэр хүн дүрэм журмынхаа хувьд бас л алдаа гаргасан л байгаа биз дээ. Тэр том тэрэг бүх зүйлээ стандартыг нь хангаад дүрэм журмаараа, газыг ямар хэмжээтэй, яаж авч явах ёстой байдаг тэр дүрэм журмаа баримтлаад явсан бол ийм зүйл болохгүй л байсан. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр бүх зүйл стандартынхаа дагуу хийх ёстой зүйлээ хийгээд явсан бол ийм зүйл болохгүй байсан шүү дээ. Өнөөдөр би тэр замыг миний хүүгийн амиар сольсон зам юм аа гэж харж байна...

Өнөөдөр би азгүй царайлаад хүүгээ алдчихаад уйлаад сууж байна. Бусдын хэмжээ дамжаагүй идэж уусны төлөө ийм зүйлээс болж дахин өөр ээж битгий ингэж уйлаасай. Дахин өөр гэр бүл битгий ингэж хагацаасай. Миний хүү энэ айлыг нуруундаа үүрч явах хүү минь байсан...

Заримдаа боддог юм. Хүүдээ арай л их ачаа үүрүүлж байсан юм болов уу. Чи чинь айлын том гээд л. Заримдаа үнэхээр харамсдаг. Ээжээ би 18 нас хүрлээ гээд л хоног тоолон хүлээж байсан сан. Тэдэн сар, тэдэн хоногийн дараа 18 хүрнэ. Дөнгөж жолооны үнэмлэхээ аваад л. Долоон сард нь 19 хүрч байгаа юм. Тэгэхээр энэ зүйл дээр хүн болгон анхаараасай. Дарга, цэрэг, сайд, ерөнхийлөгч, ерөнхий сайд байна уу хамаагүй тэд чинь бүгд л иргэн хүн шүү дээ. Улстөржүүллээ гэнэ үү. Энэ чинь улс төр биш шүү дээ. Айлд ямар аймар зүйл учруулсныг тэд ойлгохгүй. Тэд өөрсдөө ийм хөөрхөн хүүгээ, сэргэлэн цовоо, эрүүл саруул хүүгээ алдсан бол өнөөдөр ийм зүйл яриад суух уу. Хүн тэгээд өөрөө биеэрээ мэдэрч байж л бусдыг ойлгодог юм байна л даа. Одоо би хүмүүстэй юм яриад суух гэхээр уйлаад чадахгүй байгаа. Тэгэхээр тэр хүмүүс намайг өрөвдөх ёстой юм уу. Үгүй байхгүй юу. Надад л учирсан зовлон. Үүнийг би бусдад нялзаах ёсгүй гэж боддог болохоороо би хүнтэй уулзаж чадахгүй байна. Ярилцаж чадахгүй байна. Ямар нэгэн баяр ёслол болоход өмнө нь би айлд орохдоо аз жаргалтай, баяр баясалтайгаар ордог байсан бол одоо тэгж чадахгүй. Тиймээс тэр айлыг эвгүй байдалд оруулахгүйн тулд очмооргүй санагддаг болсон. Ямар нэгэн баяр ёслолыг хиймээргүй санагддаг болсон. 

-Осол болохын өмнөх өдөр нь та хүүтэйгээ юу хийж өнгөрүүлсэн бэ. Сүүлчийн цаг мөчид нь хүүтэйгээ цуг байсан үеэ дурсаж болох уу?

-Өмнөх өдөр нь миний хүү найз нь гадагшаа явж байгаа гаргаж өгнө гээд шөнө нь ирсэн юм. Аав нь тэр өдөр шөнөжин яваад ирсэн юм чинь өнөөдөр хүүгээ амраая гээд үлдээгээд явсан. Цагаан сар ч дөхсөн байсан. Буузны махаа татах гээд баахан мах гаргачихсан. Тэгээд хүү минь босож ирээд “Ээжээ өнөөдөр буузаа хийх юм уу. Хүү нь хутгыг нь ирлэж өгье” гээд буузныхаа махыг татаад миний хүү хутга ирлэж өгч гэртээ өнжсөн. Миний хүү чинь томоо биетэй сайхан залуу хэр нь ээждээ маш эрх. Ээжийгээ байнга тэвэрнэ, үнсэнэ, гар дээрээ өргөнө. Яг л миний нөхөр шиг, найз шиг хүү байхгүй юу. Ээждээ маш халамжтай. Тэр өдөр би хүүдээ эрхлээд л өнжсөн. Махаа татаад, хүү минь энэ хоёр коридорын хооронд эрхлээд, наашаа цаашаа гүйгээд л өнжсөн. Орой нь “Ээжээ галзуу ганц кино үзчихье” гээд тойрч суугаад, зурагтаа үзсэн. Солонгосын хөөрхөн кино эргүүлж тойруулж үзээд сууж байтал ах нь залгаад хүү минь хувцсаа өмсөөд гараад явсан. 

-Эх хүний зөн совин, эх үрийн хүйн холбоо гэж зүйл байдаг даа. Танд тухайн үед ямар нэгэн байдлаар зөн совин төрсөн зүйл байв уу?

-Гэхдээ нээрээ сонин юм билээ. Дараа нь би бодоход миний хүү энд жинсэн өмд өмсөөд зогсож байхаар нь миний хүү очоод машин янзална гэсэн шүү дээ. Даарвал яах юм бэ. Ээж нь дотортой өмдийг нь угаагаад тавьчихсан. Тэрийгээ өмсөөд явахгүй юм уу гэхэд “За ээжээ” гээд л год үсэрч өрөөндөө ороод нөгөө өмдөө өмсчихсөн зогсож байсан. Уг нь ямар ч тохиолдолд миний хүү “Ээжээ үнсье” гээд үнсээд гардаг юм. Тэр өдөр намайг үнсээгүй. Би хүүгийнхээ гарч байсныг санахгүй байгаа. Гэхдээ “торх” гээд хаалга хаагдах чимээнээр миний өрцнөөс дээш нэг сонин юм оргилоод, дотор маш сонин болчихсон. Тэгээд л дотроо эх хүн байж дандаа муу юм бодно. Түй түй гээд л нулимаад өнгөрсөн. Тэр л надад чи ямар нэгэн юм хийгээч ээ гэсэн л үг байсан юм шиг байна лээ. Би одоо л түүнийг боддог. Эх хүн нээрээ л мэдэрдэг юм билээ. Хүүгээ байх хугацаанд ч гэсэн хүүдээ ном уншуулъя. Хүүгээ тэврээд үнсэхэд хүртэл сайн үнсээд ав дараа нь харамсах юм билүү гэдэг ч юм уу сонин сонин мэдрэмжүүд явагдаад л байсан. Би тэгээд эх хүн байж солиотой юм шиг хачин зүйлүүд бодоод түй түй гээд л өнгөрдөг байсан. Тухайн үед тэр бүх мэдрэмжүүд л “Сараа нэг юм хийгээч ээ” гэсэн дохио байсан юм болов уу гэж одоо бодогддог. Хүн жаахан зөн совиндоо итгэж, зөн совиндоо хөтлөгддөг баймаар юм уу гэдэг бодол төрөх болсон. 

-Гурван дүү нь ахыгаа санаж байгаагаа илэрхийлж байна уу?

-Мэдээж санаж л байгаа. Гэхдээ энэ нэг жилийн хугацаанд агаа тэгдэг байсан, агаа ингэдэг байсан гэж ховорхон ярьсан. Агаагаа зүүдэллээ гэж ярина. Заримдаа боддог юм. Хүн ийм амархан мартагдах ёстой юм уу. Гэхдээ би үрээ мартахгүй л дээ. Энэ хэд яагаад надад ярихгүй байгаа вэ гэвэл намайг уйлуулахгүй л гэсэн дээ. Буруу харж уйлж, зөв харж инээж хэн хэнийхээ сэтгэл зүйг үймүүлэхгүй л гэсэн дээ тэвчиж байгаа. Намайг уйлаад байхаар дүү нар нь хямарна. Аав нь хямарна. Надад янз янзын юм ярьчихвал намайг хямарна гээд юугаа ч ярихгүй. Дахиад ямар нэгэн зүйл тохиолдвол би гэдэг хүн лав тэсэхгүй байх. Тэгэхээр бид нэг нэгнийгээ зовоохгүй, хямраахгүй байх гэж маш их хичээж байгаа...

Өчигдөр бага дүү нь ярьсан. Би агаагаа зүүдэллээ. Үхсэн хүнийг амьдруулдаг вакцин ч юм уу, тариа ч юм уу гарчихаж гэнээ. Агаа нь тэрийг хийлгээд гаднаас ороод ирсэн. Би агаагаа тэврээд уйлаад л байсан. Агаагаа тэврээд зөндөө уйлсан. Уйлсаар байгаад сэрчихсэн ээжээ гэсэн. Гэх мэт яриаг сонсохоор юм болгон хүүтэй минь уялдаатай байсан юм шиг санагддаг. Нэг юм хийсэн ч миний хүү байсан бол, нэг юм идсэн ч миний хүү байж байсан бол гэж бодогдоод...

Хүн гэдэг эмзэг байдаг юм байна. Бид гараа эсгэчхээд л наалт наавал наагаад л эдгээчихдэг. Түүнийгээ бат бөх юм шиг санадаг юм байна. Яг байхгүй болохоо тулбал маш амархан юм байна. Тэгэхээр хүн гэдэг өөрийгөө ямар эмзэг вэ гэдгээ мэдрээсэй. Бид гуравхан саяулаа мөртлөө эрх нь зөрчигдсөн, үүргээ биелүүлдэггүй улсад яагаад ингэж амьдраад байгаа юм бэ. Тэгэхээр хүн болгон эмзэг, хүн болгон энэ улсын иргэн гэдэг үүднээсээ хандаж үзээч ээ. Яавал аз жаргалтай байх вэ гэдэг үүднээс амьдраач ээ. Аваад үхэх гэж байгаа юм шиг юм цуглуулах хэрэггүй юм байна. Би ийм сэтгэл зүйгээр, ийм биетэй хэдий цаг хугацааг өнгөрөөхөө хэлж мэдэхгүй байна. Баяр ёслол болоод инээх үе гарах ч цаанаа л хоосон болчихдог юм байна. Яг тэр осолд буруутай хүн болгон миний туулж байгааг өөр дээрээ тусгаж бодоод үзээсэй. 

С.ОТГОНБАЯР  

Таны сурталчилгаа