Хүүхдийн эсрэг мөртөө Засгийн газрын төлөө дэлхийд ганцхан хачин жигтэй, харгис халтай зорилготой, морьт жагсаал хотыг хотойтол хомоолоор буллаа. Хөхөө өвөл, хахир хаврын цагт хурдан морь уралдуулж, өрөөлийн алаг үрсийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж, өөрсдөө зугаацан наадахын төлөө морьтой жагслаа. Бүхнийг хүүхдийн төлөө гэж хэлээд бүхнийг хүүхдийн эсрэг хийдэг нь Монголын ёс биш ёр.
Уяачийн ажил хөдөлмөрийг нь бол эрхэлдэггүй ч алдар цолыг нь малгай дээрээ залсан, булган хүрэм нөмөрч, тэнзэн ташуур барьж, мөнгөн баавартай эмээл тохсон, хурдан морины эзэд Дүнжингарав гэх мэт өвлийн жавар, хаврын хахирт уралдаж цэнгэхийг шаардан мал эмнэлгийн хорио цээрийг даван 2 сая хүнтэй хотын төвд тугийг намируулж, сүрийг бадруулж, уухай хадаав.
Өвөл, хаврын уралдаан өнө эртнээс уламжилсан өв соёл мөн үү? 21-р зуунд эхэлсэн шинэ цагийн цээж баячуудын зугаа цэнгээнд 46 хүүхэд амиа алдсан. 46 хүүхэд гэдэг хэлээд өнгөрөх хүйтэн статистик тоо юу, бүтэн анги танхим дүүрэн хүний алаг үрсийн амь нас уу?
Зөвшөөрөгдсөн хугацаанд болсон уралдаан 2022 онд 6 хүүхэд нас барж, 16 нь хүнд ноцтой бэртсэн. 2023 онд 19 хүүхэд хүнд, 71 хүүхэд хөнгөн бэртсэн. 2024 онд 372 уралдаанд 1176 хүүхэд бүртгэгдсэн. 212 хүүхэд мориноосоо унаж, 87 хүүхэд хөнгөн, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан. Өнгөрсөн онд үсэргээ, сунгааны үеэр 4 бяцхан амь цаг бусаар хорвоог орхисон. 11716 уралдаанч өөрийн хүүхэд 1112. Өөрөөр хэлбэл, 10 хүүхдийн нэг нь өөрийнх нь, ес нь өрөөл бусдын хүүхэд. 2002 нь цалин хөлстэй эсэх нь тодорхойгүй. Хүнлэг ардчилсан улсад хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг тэмцдэг бол Монголд түүний төлөө жагслаа. Өмөөрч өмгөөлөх аав ээжгүй, өнчин өрөөсөн, ардаа татлаа түлхээгүй, хүүхдүүдийг ухуулж ятгахаар асрамжийн газар очиж ятгадаг явдал ч цөөнгүй байна. Адуугаа хурдлуулах гэж эм тариа, элдэв бодис шахдаг хүмүүс уралдаанч хүүхдийг давжаа жижигхэн байлгах янз бүрийн юм өгдөг тухай яриа хөөрөө ч бишгүй байна.
Уяачдын холбооны сонгууль улсын тэргүүн тодруулахын дайтай хэлтэй амтай, хэрүүлтэй тэмцэлтэй, төрийн ордны их танхимд болж, “Тавантолгой транс” компанийн захирал Д.Дагвадорж сонгогдсон. Манлай уяач бөгөөд нүүрсний 17 хулгайчийн нэгээр зарлагдсан Д.Дагвадорж Дүнжингарав уралдааныг Шөнөжингаравын хэрэлдээн, наадам биш найр болгож явсан хүн. Айргийн тавын азарга, их наснуудыг хасуулж байгаад 6, 8-д орсон атлаа түрүү магнай, торгон жолоо булаадаг тод магнай будлианч юм. Соёолонг бүр эрлийз, монголоор нь хольж хутгасаар өөрийн босс “Ажнай” Д.Бат-Эрдэнэдээ тулам булаах маягаар түрүү магнайг авч өгсөн. Өв соёлын дархлаа гэх Дүнжингарав уралдаан нь Шөнөжингарав болж, 12 хүрээгүй багачууд олноор морь унаж, 16 нь уралдааны замд ойчиж, 3 нь бэртэж гэмтсэн. 100 морийг 200 машин дагаж, амьтан, техник аль нь уралдаад байгаа нь ялгагдахгүй, зам нь таг хуурай, тас харанхуй наадам биш найр, баяр биш балаг болж байсан юм.
Морьтой жагслаа гээд Монголын шүүхийн гурван шатны эцсийн шийдвэр хүчингүй болохгүй юм. Уяачид УИХ-ын гишүүдийн хөлсийг сонгуулиар шавхарч, уургалж бугуйлддаг жирмэн сүлжээтэй ч хүүхдийн эрхийн төлөөх хууль ёсыг сур огтлох шиг өөрчилж болдоггүй юм. Өвөл уралдмаар байгаа бол өөрсдөө л унаач дээ.