Монголчууд шинэ төрлийн коронавирус Монгол улсад илэрсэн таагүй мэдээтэй өглөөг угтлаа. Монгол улсад халдвар тээж ирсэн Франц улсын иргэн Бадрах Энержи ХХК-ний төсөл хариуцсан инженер 57 настай эрэгтэй. Одоогоор Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах тус компаний байранд тусгаарлаад байна. 03 дугаар сарын 02-нд нисч ирэхэд нь авсан шинжилгээгээр илрээгүй ч 14 хоног ажиглалтад байлгаж буудалласан Баянгол зочид буудалдаа өөрийгөө сайн дураар тусгаарлахыг үүрэг болгосон байна. Гэсэн ч тэрээр Ариг, КФС, Веранда гэх мэт ресторанаар үйлчлүүлээд зогсохгүй, Дорноговь руу явж өөрийн ажилладаг компанийн ажилчидтайгаа хурал хийсэн байна.
Францын Элчин сайдын яамнаас тухайн иргэний мэдээллийг олон нийтэд ил болгохгүй байхыг МУ-ын Эрүүл мэндийн яамнаас хүсчээ.
Тэрээр Франц дахь гэртээ очоод супермаркетад л орсноос өөр газарт очоогүй. Түүний амьдардаг газарт коронавирусийн нэг л тохиолдол бүртгэгдсэн байсныг хэлсэн байна.