Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй мэдээлж, цаашид тархалтыг Монгол Улсад төдийгүй уг иргэний зорчсон, дамжсан улс оронд урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх, холбогдох байгууллагуудаас өгч буй зөвлөмж зааврыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч хамтран ажиллахыг хүсэв.

Францын Элчин сайд тус улсын иргэн коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр уг асуудалтай хамааралгүй иргэний зураг бүхий буруу ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж, тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, зохих арга хэмжээ авахыг манай талаас хүслээ.

Таны сурталчилгаа