Цаг үеийн мэдээ

Нэгдүгээр сарын наймны лхагва гаригт шилжих шөнө Иракийн баруун хэсэгт байх АНУ-ын "Эйн-аль-Асад" агаарын баазад пуужингийн цохилт өгсөн талаар хэвлэлүүд мэдээллээ. Энэ цохилт нь Ираны генерал Касем Сулейманий өшөөг авч байгаа хэрэг хэмээн Ираны Press TV  суваг мэдээлсэн байна.

АВС News агентлагийн мэдээлснээр Иракд байрлах Америкийн цэргийн хоёр объектод  баллистик пуужингаар цохилт өгсөн бөгөөд Иракийн хойд хэсэг дэх Эрбиль муж болон Эйн-аль-Асад дахь цэргийн хоёр объект дайралтад өртжээ.

Энэ хэргийн хариуцлагийг Иран өөр дээрээ авсан бөгөөд Сулеймани генералын өшөөг авах ажиллагаа амжилттай эхэлсэн талаар зарласан байна.

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын гуравны өдөр АНУ Багдадын нисэх буудлын орчимд пуужингийн цохилт өгсний улмаас Ираны тусгай хүчний командлагч Касем Сулеймани амиа алдсан. Энэ хэргийн дараа Ираны Аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани мэдэгдэл хийхдээ АНУ-аас өшөө авах 13 төрлийн төлөвлөгөө байгаа хэмээн мэдэгдсэн бол үүний хариуд Трамп Ираны зүгээс хариу ирвэл тус улсын 52 байд "хурдан, хүчтэй цохилт өгнө" хэмээн сүрдүүлсэн юм. 

 

 

 

Таны сурталчилгаа