Цаг үеийн мэдээ

          Өсвөр насны хүүхдийн бие даасан байдлыг хүлээн зөвшөөрч , хандаж харьцах эв дүй, ур чадвар дутагдсанаас ихэнх тохиолдолд зөрчил үүсэх эрсдэлийг дагуулж байдаг. Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн үед хүүхдийн зан төлөвийн зарим шинж чанар, харилцааны хэв маяг, илэрхийлэх арга барилд өөрчлөлт гардаг. Ийм төрлийн хямрал насны үе шат бүрт заавал илрэх ёстой зүйл биш хэдий ч хүүхдийн амьдралын хэв маяг, харилцаа, зан төлөвт гарч байгаа өөрчлөлтөнд насанд хүрэгчдийн зүгээс хандах хандлага, харилцааны онцлог байдал, гэр бүл болон сургалтын сэтгэл зүйн орчин нөхцлөөс шалтгаалан явц нь хурц, хөнгөн, удаан, богино, хугацаатай, илрэхгүй ч байж болно.

Эцэг эх, багш хүүхдийн буруу харилцаанаас болж үүсэх сэтгэл зүйн хямралд тохиолддог нийтлэг шалтгаанууд :

Эцэг эх байх гэсэн байр сууриа хэтэрхий дөвийлгөх, үзэл бодлоо тулгах өөрсдийн ёс жаягт нийцүүлэн захирах, дуулгавартай байлгах гэсэн хүсэл эрмэлзэл.

Өсвөр насны хүүхдийн бие даасан хараат бус байх, хүсэл сонирхолыг үл хүндэтгэх эсвэл хэт халамжлан бөөцийлж, бага балчир хүүхэд мэт хандаж, харьцах харилцаа,

Хүүхдийн нэр хүнд эрхэм чанар, давуу тал, авьяас чадварыг үл ойшоох, хайхрамжгүй хандах, гутаан доромжлох бүдүүлэг харилцаа,

Гаргасан алдаа дутагдлыг хэт онцгойлон байнга сануулж анхааруулан шүүмжлэх хандлага,

Тулгамдаж байгаа бэрхшээлийг нь сонсох, хуваалцах цаг зав гаргахаас төвөгшөөн зайлсхийх,

Эцэг эхчүүд багш нар бүхнийг мэддэг гэж өөрсдийгөө төсөөлөн байнга сургамжлан зааж зааварлах гэж оролдох,

Өсвөр насныханы үерхэл нөхөрлөлд хөндлөнгөөс оролцож, эсэргүүцэж, цагдаж хянаж хориглох,

ТЭДЭНТЭЙ ХЭРХЭН ХАРЬЦАХ ЁСТОЙ ВЭ?

          Гэр бүл болон сургуулийн харилцааны таагүй орчинд өсөж байгаа хүүхдүүд тохиолдсон таагүй үйл явдал, алдаа дутагдлаа эцэг эх, багш нараасаа нууж эрсдэлтэй буруу хэрэг үйлдэх, эсвэл санал бодлын зөрөлдөөн дургүйцлээ бүдүүлэг зан авираар илэрхийлэх,  насанд хүрэгчдийн тавьж буй шаардлагад тоомжиргүй, хэнэггүй хандах, үл ойшоох, суралцах идэвхи сонирхол нь буурч хичээлээ таслах, тоглож донтох гэх мэтийн зан үйлийн доголдолд орж байна. Ийм учраас хямралын гүнзгийрлийн онцлог шинж тэмдэг, тэдгээрт нөлөөлж буй шалтгаан хүчин зүйлсийг шуурхай оношлон үнэлж, бууруулах арга замыг тодорхойлж, сэргийлхэд эцэг эх, багш нар, нийгмийн ажилтны хамтын ажиллагаа чухал үүрэгтэй тэдний насны онцлог,  хөгжлийн өөрчлөлтөнд нийцүүлэн тохируулж харьцах хэрэгтэй.

 Өсвөр насныханд итгэл хүлээлгэж, түүний хүсэл сонирхол, үнэт зүйлс, эрхэм чанарыг хүлээн зөвшөрч, хүндэтгэлтэй хандаж, тэдний тулгамдаж байгаа асуудал, сэтгэлийн үг, санал хүсэлт, хэрэгцээ сонирхолыг нь цаг зав гарган сонсож байх нь чухал.

           Өсвөр насны хүүхдэд тохиолдож байгаа асуудлыг дур мэдэн шийдэх, эсвэл  хөндлөнгөөс хэт оролцох нь хүүхдийг аливаа асуудалд өөрийн гэсэн үзэл бодолгүй идэвх санаачлагагүй, хариуцлагагүй, эргэлзэмтгий зан чанар төлөвшихэд нөлөөлж байдаг.

Өсвөр насны хүүхэд эцэг эхээсээ хараат бус байх бие даасан том хүн мэтээр харьцахыг хүсэж байдаг. Энэ хүсэл эрмэлзлийг нь дэмжин түүнд тохирсон зйүлсийг хариуцуулж, итгэл даалгаж байх хэрэгтэй.

 

 

Таны сурталчилгаа