Цаг үеийн мэдээ

Тайландын Лопбури хотод "Covid-19" вирусээс болж олон сармагчин гудамжинд гарч, хоолны төлөө эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Өмнө нь жуулчдаар дүүрэн байсан хотод сармагчингууд гэдэс цатгалан амьдардаг байжээ. Гэвч коронавирус дэлхий дахинд дэгдэснээс хөл хорио тогтоож, жуулчид ирэхээ больсонтой холбоотойгоор өдөр хоногийг хоолтой, хоолгүй янз бүрийн байдлаар өнгөрүүлж байгаа ажээ.

Гуравдугаар сарын 11-ний өглөө нэг сармагчин гадил олоход ойр хавийнх нь бүх сармагчин түүнийг нь булаахаар гудамжийг дүүргэж байсан үеийн зургийг тус хотын Сасалук Раттаначай гэх эмэгтэй дэлгүүрийнхээ гаднаас авсан байна. 

Тэрбээр “Тэд сармагчин гэхээс илүү зэрлэг ноход шиг харагдаж байсан. Бид сармагчинг ийм ууртай байхыг харж байгаагүй. Тэд үнэхээр их өлссөн бололтой. Уг нь энгийн үед маш олон жуулчин энэ хавиар аялж, тэднийг хооллодог байлаа. Харин одоо нэг ч жуулчин алга” хэмээжээ.

Лопбури хот бол мянга мянган зэрлэг сармагчны нутаг. Сармагчингууд гудамж, барилгад, ихэвчлэн эртний буддын сүмд олноор амьдардаг байна. Сайхан сэтгэлт нутгийн уугуул иргэд боломжоороо тэднийг хооллож байгаа ч жуулчдын хооллодог байсан шиг хангалттай хоол илүү гаргаж чадахгүй байгаа ажээ.

Таны сурталчилгаа