Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Цэргийн гал тогоо, соёл мэдээллийн төвийн барилга ашиглалтад орж, үйл ажиллагаандаа ашиглахад бэлэн боллоо. Барилгын нээлтийн ёслол 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн дарга хурандаа Х.Батсайхан, Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, ЗХЖШ-ын Материал техникийн газрын даргын орлогч хурандаа Ж.Баясгалан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч дэд хурандаа Б.Гантөмөр, БХЯ-ны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Б.Гэрэлцэцэг, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бэлтгэлд байгаа хурандаа Ж.Дагдан нарын албаныхан оролцов. 

Барилгын ажлыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин дайчид 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлж, ердөө дөрөвхөн сарын дараа стандарт шаардлагад нийцсэн хоёр давхар төвийг бэлэн болгож, хүлээлгэж өгсөн нь энэ. Улсын онцгой комиссоос энэ сарын эхээр барилгын чанар байдалд үнэлгээ хийж, үйл ажиллагаандаа ашиглахад бэлэн болсныг ч нотломжоор батлан илэрхийлсэн байна. 

Барилгын нээлтэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба баяр хүргэж хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудынхаа алба хаах орчин нөхцөлийг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гал тогоо, соёл мэдээллийн төвийн энэхүү барилга юм. Хоёр давхар бүх барилгын цэргийн гал тогоо шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсоны сацуу 150-200 хүртэлх хүнийг хүлээн авч үйлчлэх багтаамжтай, соёл, мэдээллийн төв нь мөн 200 хүртэлх хүнд соёл урлаг, олон нийтийн арга хэмжээг явуулах боломж бүрдэж буйгаараа онцлог юм. Барилгын стандарт шаардлагыг бүрэн хангаж, эрүүл ахуй, агааржуулалт, бохир усны системийг цогцоор нь шийдвэрлэсэн бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгч байгаа Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн офицер, ахлагч нартаа зенитчин дайчдынхаа нэрийн өмнөөс талархаж байна.  Нэгтгэл, ангийн ахуй орчныг дээшлүүлэх бүтээн байгуулалтын ажил үүн шиг шат дараатай үргэлжилнэ” хэмээгээд энэхүү барилгыг хүртээмжтэй ашиглах зураг төслийг боловсруулсан БХЯ-ны Барилга захиалагчийн албаныханд талархал дэвшүүлсэн юм. 

Тус ангийн захирагч хурандаа Ү.Уянгасайхан “Зенитчид эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд хооллож, стандарт шаардлагад нийцсэн соёл, мэдээллийн төвд урлаг уран сайхан, соёл хүмүүжил, сургалт дадлага зэрэг олон талт арга хэмжээг тасралтгүй зохион байгуулагдах боломж бүрдэж байна” хэмээн онцлоод 27 жилийн туршид шинэ бүтээн байгуулалт өрнөөгүй хэрэгцээ шаардлагыг үндэслэн барилгыг ажлыг эхлүүлж,  ашиглалтад оруулахад бүх талын дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, БИУЦГ, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийнханд талархал дэвшүүлсэн юм. Мөн тэрээр барилгыг ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлсэн зарим байгууллагын удирдлагуудад зенитчдийнхээ сэтгэлийн илгээмжийг гардуулсан бол Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч дэд хурандаа Б.Гантөмөр хугацаат цэргийн алба хаагчдын соёл хүмүүжлийн ажилд зориулж "Samsung 55" инчийн зурагтыг хариуд нь бэлэглэв. 

Үүний дараа хошууч генерал С.Ганбямба цэргийн гал тогоо, соёл мэдээллийн төвийн өрөө тасалгаа, шинээр суурилуулсан тоног төхөөрөмжтэй танилцсан ба энэ үеэр тус ангийн захирагч хурандаа Ү.Уянгасайхан тохижуулах ажил үндсэндээ шувтарч байгааг уламжилж байсан юм. 

Барилгын ажлыг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн талбайн инженер ахлах дэслэгч М.Алтансүх ярихдаа “Шав тавьсан өдрөөсөө л бид ажлаа эхлүүлсэн. Манай барилгачин дайчид Дархан-Уул аймгийн Соёл спортын ордны барилгыг хүлээлгэж өгөөд л энэ ажилдаа шууд томилогдсон. Барилгын стандарт шаардлагыг бүрэн хангасан, дотоод засал чимэглэлийг ч гэрэл гэгээтэй байлгах үүднээс гоёлын тааз, хавтан ашигласан. Барилгыг өндөр ачаалалттай үедээ 60-уулаа, бусад үедээ 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж, бэлэн болгосон” гэсэн юм.

                                                                        Ахмад Д.БОЛОР

Таны сурталчилгаа